
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан байдаг. Мөн уг хуульд “Хүн бүр эрх зүйн этгээд байна”, “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан.
Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтдөө “Амьдралын чанар ба дундаж давхарга”, “Амьдралын баталгааг хангах нийгмийн хамгааллын үйлчилгээг хөгжүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхүйц нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлнэ” гэж, “Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, иргэдийн худалдан авах чадвар дээшилсэн байна.” гэж тус тус тусгасан нь өнөөгийн нөхцөлд урвуу байдлаар хэрэгжсээр удаж байна.
Цар тахлын жилүүдэд хамгийн ихээр хүндэрч, үйл ажиллагаагаа зогсоон, хаалгаа барьсан хэсэг бол жижиг, дунд аж ахуй нэгжүүд байсан. Түүнээс хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа сэргээж, ажлын байраа томруулах зорилготой ажиллаж байгаа ч төрөөс тэднийг дэмжиж байна гэсэн зорилт нь байгаа онохгүй, харин ч шмтгэл, татвараар дарамталсаар өндийх боломж өгөхгүй байгааг бизнесийнхэн хэлсээр байгаа.
Өнөөдөр аж ахуй нэгжүүдийн гол зардал нь цалингийн зардал болсон. Үүн дээр нэмээд НӨАТ болон нийгмийн даатгалын шимтгэл асар их зардал үүсгэж, төлж чадахгүй бол бүр ч их хэмжээний торгуулийн өрөнд орсоор байна.
Энэ нь Нийгмийн даатгалын тогтолцоо, авч буй шимтгэл нь өнөө зохицохгүй байгааг гэрчилдэг.
Засгийн газраас татвар, нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэл хийнэ гэж байгаа ч яг ямар шинэчлэл, одоо байгаагаас юугаараа өөр байх зэрэг нээлттэй мэдээлэл байдаггүй, оролцогч талуудын саналыг хангалттай тусгадаггүй зэргээс үүдэн үе үеийн эрх баригчдын шинэчлэлийн дор гол татвар, шимтгэл төлөгч болох бизнесийнхэн болон ажилтнуудын эрх ашиг орхигдсоор ирсэн. Тиймдээ ч өнөөдөр ААН-үүд ашгийнхаа 40 гаруй хувийг татвар, шимтгэлд өгсөөр ажилтнуудынхаа цалинг ч нэмж чадахгүй байдалд хүрсэн.
Өнөөдрийн байдлаар зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогч 12,5% + ажилтан 11,5%-ийг цалингаасаа төлдөг. Энэ шимтгэлийг Нийгмийн даатгалын санд бүрдүүлснээр өнөөдрийн ахмад настнуудын сар бүрийн тэтгэврийг таслахгүй олгож байдаг.
Монгол Улсад өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг өсгөх, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын суурийг өргөжүүлэх, албан журмаар даатгуулагчийг нэмэх бодлогыг баримталж ирсэн нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтүүдээс тодорхой харагддаг.
Иймд хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг үр дүн, бодит хэрэгцээ, шаардлага болон дээрх хууль зүйн шаардлагыг тус тус харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу тэргүүтэй 30 гаруй гишүүд санаачлан боловсруулж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд шимтгэлийг бууруулах бус зарчмын 4 өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Үүнд,
- өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасахаар тусгав
- ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасахаар тусгав
- ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны төлж буйн нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоохоор тусгав
- ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй харилцаанд хүнийг хөдөлмөрийн гэрээгээр бус, түүнээс өөр гэрээ байгуулан ажиллуулж, цалин хөлс олгосон тохиолдолд тухайн хугацаанд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор нөхөн төлүүлэх зохицуулалтыг хуулийн одоогийн холбогдох зохицуулалтын нэмэлтээр тусгав.
Хууль санаачлагчдын хэлж буйгаар эдгээр заалтууд батлагдсанаар ажилгүйдлийн түвшин 5.04 буюу 0.06 хувиар буурна. Үүнийг дагаад татварын орлого өснө, хамгийн багадаа 875 ажлын байр шинээр бий болж, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 0.16 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Хүмүүсийн бодит орлого нэмэгдэж, дундаж цалин 106 төгрөгөөр өснө гэлээ.