
Гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, өдгөө ялаа эдэлж байх учиртай УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт холбогдох хэргийн шийтгэх тогтоол ШШГЕГ-т очсон талаар хэвлэлийнхэн мэдээлж байна. Бид энэ талаар ШШГЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, тогтоол ирээгүй гэх тайлбар өглөө.
Бусад эх сурвалжуудын мэдээлж буйгаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өчигдөр /2025.04.07/ хүргүүлсэн байна.
Эргэн сануулбал, Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар сандал ширээнээсээ тас зуурч, дээд шүүх хэвээр үлдээсэн ялаа УИХ-ын гишүүнээр ажилласны дараа эдэлье гэж гуйланчилсаар нэг улирал өнгөрлөө.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард түүнийг гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оноосон. Улсын дээд шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Уг хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнгөрсөн сарын сүүлээр Улсын дээд шүүхэд дараах хүсэлтийг илгээсэн.
Тодруулбал тэрээр шүүхээр оногдуулсан ялыг УИХ-ын гишүүнээр ажилласны дараа эдлүүлэхээр хойшлуулах боломжтой эсэх болон “Хөгжлийн банкны” гэх хэргийн тус гишүүнд холбогдох хэсгийг дахин судалж, хэлэлцүүлэх талаар судалж өгөхийг хүссэн. Гэсэн ч удалгүй энэ хүсэлтээсээ татгалзсан юм.
Тухайн үед Улсын дээд шүүхээс, “Д.Цогтбаатар гишүүний ирүүлсэн албан бичигт хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор хариу хүргүүлэх болно” гэсэн юм.
- УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд гишүүний бүрэн эрх ямар тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болох талаар зохицуулалт бий. Уг хуулийн 9.1.5 дээр УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол гэж заажээ.
- Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ-аас гишүүнийг эргүүлэн татна” гэж заасан байна.
ДАВ.ЦОГТБААТАРЫГ ҮЛДЭЭВЭЛ УИХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АСУУДАЛД ОРНО
Бид асуудалтай холбогдуулан хуульч О.Батхүүгээс тодрууллаа.
Тэрээр, “Угтаа Д.Цогтбаатар гишүүний гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож Улсын дээд шүүхээр орж шийдвэр гарсан. Тиймээс уг гишүүнийг эргүүлэн татах УИХ-ын тогтоол гарах ёстой.
Уг тогтоолыг гаргахдаа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд байнгын хорооны саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэж, гишүүд илээр санал хурааж, олонх нь зөвшөөрвөл бүрэн эрхээс нь татгалзуулах хуулийн зохицуулалт бий.
Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хэлбэрээр л УИХ хэлэлцэнэ. Хэрэв баталгаажуулсан тохиолдолд гишүүнийг бүрэн эрхээс нь эгүүлэн татна. Баталгаажуулахгүй аваад үлдвэл УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно” гэлээ.
Харин хуульч Б.Мэргэн байр сууриа илэрхийлэхдээ, “Шүүхээс нэгэнт гэм буруутай гэж үзээд шийдвэр гаргачихсан байхад УИХ шүүхийн шийдвэрийг хэлэлцэх боломжгүй. Д.Цогтбаатар гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлье гэдэг л асуудал яригдана.
Хэрэв УИХ-аас Д.Цогтбаатар гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц рүү очихоос өөр аргагүй” гэлээ.