
Хөрөг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт авьяаслаг, үзэсгэлэнтэй зураач эмэгтэй мөн хоёр охины хариуцлагатай ээж Т.Намуундарийг урьж ярилцлаа. Түүний хувьд мэргэжлийн зураач биш хэдий ч төрсний дараах сэтгэл гутралаасаа уран зургийн ачаар гарч мөн хүсэл мөрөөдлөө олсон хэмээн ярьсан юм.
-Хүн магад сэтгэл гутралаасаа янз бүрийн арга замаар гардаг байх. Нэг их том зүйл, эмчилгээ хүлээдэг ч тэр нь асар жижигхэн зүйл байх нь олонтаа. Таны хувьд яагаад аврагч тань уран зураг байсан юм бол? Тэр дундаа яагаад амьтдыг зурах нь танд тайвшрал болов?
-Энэ асуултад хариулахын тулд би өөрийнхөө амьдралын хэд хэдэн үеийг сөхөх хэрэгтэй болох байх. Би Улаанбаатар хотод төрж Сансар, 13-р хороолол хавиар өссөн охин л доо. Гэсэн хэдий ч өвөө эмээ маань хөдөө амьдардаг учир амралт бүрээрээ эмээ өвөөдөө очно. Моринд маш их хайртай морь ч сайн унадаг охин байсан. Ямартаа л адууны мах идэхгүй гээд одоог хүртэл адууны мах идэж үзээгүй яваа. Морины тургих, тангарах, янзгаах гээд л үйлдэл бүрийг нь дуурайж хийдэг тийм сонин охин байсан юм. Зураг зурсан ч нөгөө л морио зурна. Ээж аав маань “Дөрвөн настай байхдаа янз бүрийн зүстэй морьдуудыг наана цаана нь оруулаад зурчихсан байсан. Бид хоёр хараад их гайхаж билээ” гэж ярьдаг юм. Тэгэхээр надад багаас маань зурах авьяас байсан шиг байгаа юм. Арга ч үгүй биз. Аав маань кино клипний зураачаар ажилладаг. Авга ах маань ч шаггүй сайн зураач. Тиймээс өвлөгдөж биш юм аа гэхэд орчноосоо сурсан зүйлс бий л дээ. Гэхдээ би хувцас дизайнер мэргэжлээр төгссөн. Гэхдээ тэр мэргэжлээрээ бараг ажиллаагүй гэж хэлж болно. Өөр олон зүйлийг туршиж, хийж үзсэн. Нэг хэсэг шивээс хийж сурлаа, DJ ч хийж үзлээ. Хумс, нүүр будалтын сургалт ч орсон. Гэхдээ дотор минь зурах хүсэл байсаар л байсан. Хаа нэг зураг зурдаг, түүнийгээ бас өөрийгөө үргэлж голно. Олон мундаг зураач, уран бүтээлчид байна. Би тэдний хумсны толионд ч хүрэхгүй шүү дээ гээд л өөрийгөө үгүйсгэнэ. Харин тэр хүлээснээс гарсан минь гэвэл 2023 он. Бага охиноо төрүүлээд нэг жил болсон маш их сэтгэл зүйн асуудалтай байсан үе л дээ. Тунгаагаад бодоход бүх зүйл болж байгаа хэр нь гэгээ тасрах үеэс үхэл гэдэг зүйл бодогддог байсан тийм л үе. Бачуурмаар, багтармаар тэр зүйлийг төрсний дараах сэтгэл гутрал гэж нэрлэдэг юм билээ. Бүх зүйл болж байгаа атлаа бүх зүйл болохгүй байгаа тэр мэдрэмж өөрийгөө ч ойлгохгүй, яахаа ч мэдэхгүй тийм л том асуултын тэмдэг. Нэг зүйл бүтээчихвэл, өөрийгөө нэг зүйлийг ч болов хийж чадна гэдгээ мэдэрчихвэл гайгүй болчих юм шиг санагддаг. Тэгээд л нэг өдөр сэтгэлд юу байна түүнийг зуръя. Тэгвэл онгойно байх гэж шийдээд зургийн дэлгүүр орж баахан будаг хэрэгсэл авсан. Гэртээ ирээд шууд зурж эхэлсэн. Нэг мэдэхэд би нөгөө л морио зурсан байв. Нүдэнд нь гуниг хурсан хос морьд. Зурж дуусаад л гарнаас өргөс авах мэт сэтгэлээс минь нөгөө шаналал, өвдөлт алга болчихсон гайхмаар шүү.
Би сэтгэлээ дээрдүүлэх гэж л тэр хоёр морийг зурсан. Тэгээд “би чадчихлаа шүү дээ, нэг зүйл бүтээчихлээ” гээд сошиал хаягтаа зургийг нь оруулсан юм.Тэр өдөртөө хоёр, гурван хүн худалдаж авъя гээд холбогдсон. Би гайхширсан л даа. “Миний зургийг хүн үнэлж авъя гэж байна шүү дээ” гээд. Түүнээс маш их урам зориг авч одоог хүртэл тасралтгүй зурсаар байна.
-Та ихэвчлэн амьтдыг зурдаг. Тэр дундаа араатан амьтан?
-Араатан амьтан зураад дуусах үед би тэр амьтанд байдаг хүчийг өөртөө авсан мэт санддаг юм. Тэр цог золбоо, хүчирхэг сүрдэм байдал минийх болсон мэт. Магад миний дотор бас нэгэн араатан байдаг байж мэднэ. Одоогоор би амьтдыг зурж илүү сайжирсаар байна. Цаашдаа хүний хөрөг мөн дижитал арт зурдаг болно гэсэн зорилготой байгаа.
-Та зурсан зургаа сошиал орчинд тавихдаа үргэлж хамт даруулсан зургаа нийтэлдэг шүү дээ. Гоё зураг, үзэсгэлэнтэй эмэгтэй хоёр яалт ч үгүй хүний нүдэнд тусаж анхаарлыг нь татдаг. Энэ санаагаа хэрхэн олж байв?
-Өөрийн зурагтайгаа хамт зургаа даруулж сошиал хаягтаа тавьдаг олон алдартай зураачид бий. Тэднээс санаа авсан төдий. Бүтээл түүнийг бүтээсэн бүтээлч хоёр хамт харагдах нь зохимжтой байс сонирхолтой юм байна гэж бодсон. Тэгээд л зурагтайгаа тохирсон хувцас өмсөөд хамт зургаа татуулдаг болсон доо. Энэ нь миний онцлог, нэрийн хуудас болж өгч байгаа юм.
-Зураг зурж эхлэхэд нь бага охин нь нэг ойтой байсан гэж ярилаа. Одоо ч гэртээ зургаа зурдаг шүү дээ. Ээжийн ажлын хажуугаар зургаа зурах амаргүй ажил байх?
–Ээжийн ажлын хажуугаар зураг зурна гэдэг бас л хөгжилтэй шүү дээ. Өглөө босоод хүүхдүүддээ хоол ундыг нь бэлдэж өгнө. Зургаа хоёр цаг зурж байгаад өдрийн хоолыг нь хийж өгнө. Ахиад хоёр цаг зурж байгаад гэрээ цэвэрлэнэ, хувцсыг нь угаана гээд л өдөр бүр ийм л хэмнэлээр өнгөрдөг. Одоо ч энэ л хувиараараа ажиллаж байна.
-Гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд маань санхүүгийн хувьд хязгаарлагдмал болдог шүү дээ. Таны хувьд зураг зурж эхэлснээс хойш санхүүгийн хувьд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Сард өөрийн гэсэн хангалттай орлоготой болоод бүх зүйлээ өөрөө зохицуулдаг болчихсон болохоор надад маш гоё байгаа. Зураг зарах гэдэг мөнгө олохоос гадна миний бүтээл нэг айлын хойморт заларчихсан, оффисыг нь чимчихсэн тэр хүнд сайхан мэдрэмж өгөөд байж байна гэдэг нь л надад маш гоё санагддаг. “Өнгө нь манай интерьертэй гоё зохицож байна. Манай өрөөг өнгө оруулаад л явчихлаа” гэдэг урмын үгс надад цаашаа илүү хөгжих урам зориг болж өгдөг.
-Ярилцах хүсэлтийг минь хүлээн авч зав цаг гарагасан танд баярлалаа
-Та бүхэнд мөн баярлалаа