
Өнгөрсөн бямба гарагт Америкийн хотуудад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ. Вашингтон, Флорида зэрэг мужуудад Ерөнхийлөгч Д. Трампын цагаачлал, төрийн бүтээмжийн агентлаг, импортын татвар, боловсролын салбарт гаргасан шийдвэрүүдийг эсэргүүцсэн 500 мянга гаруй иргэд АНУ даяар болсон 1000 гаруй жагсаал цуглаанд нэгдсэн талаар зохион байгуулагчид мэдэгджээ.
“Гараа тат” уриан дор явагдсан уг жагсаалд хөдөлмөрийн, байгаль орчны зэрэг 150 орчим байгууллага, үйлдвэрчний эвлэлүүд оролцсон байна.
Хамгийн олон хүн хамрагдсан жагсаал Вашингтон хотын Үндэсний өргөн чөлөөнд болсон бол Ерөнхийлөгч Д. Трампын Мар-а-Лаго дахь амралтын газрын дэргэд мөн иргэд жагсаж, Д. Трамп, Илон Маск нар төрөөс явах хэрэгтэй гэсэн утгатай зүйлс хашгирч байжээ.
Дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маскийн удирдаж буй Төрийн бүтээмжийн агентлаг нь өнөөдрийн байдлаар америкийн 2.3 сая төрийн албан хаагчдын 200 мянга гаруйг нь цомхтгоод байгаа билээ.
Өнгөрсөн баасан гарагт л гэхэд Дотоодын татварын алба хүний нөөцийнхөө 25 хувийг буюу 20 мянга гаруй ажилчдаа халахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор Балтимор хот дахь Дотоодын татварын албаны гадаа олон зуун иргэд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: reuters.com