
Ер спортын салбарынхан завгүй…Ингэж тодотгож хэлдгийн учир нь нэг олимп жаргасны дараа дараагийн олимпын цикл эхэлдэг. Тиймээс улс орны шигшээ багуудын тамирчид дараагийн зуны олимпын циклийн тэмцээн уралдаандаа өрсөлдөж эхэлнэ. Спортын төрл дотроо жүдо бөхийн төрөл их онцлогтой. Нэг тэмцээнд оролцоод л олимпод өрсөлөдх эрхээ өвөртөлчихдөг биш учраас оноо олгох тэмцээн бүр тэдний өмнө маш том үүрэг хариуцлага…
Жүдочид оноогоо цуглуулж байж зуны олимпын наадмын өмнөхөн IJF буюу Олон Улсын Жүдо бөхийн холбооноос шинэчлэн тогтоосон чансаагаар эхний 16-д багтсан тамирчид зуны олимпыг зорих эрхээ авна гэсэн үг.
2025 он гарсаар олимпын эрхийн том чансаа олгох даацтай тэмцээн бол “Их дуулга” билээ. Гүржийн Тбилист болсон “Их дуулга”-д Монголын баг бүрэлдэхүүн өргөтгөсөн байдлаар оролцоод ирлээ. Тэр дундаа тус холбооноос залуу тамирчдаа дэмжих, дараагийн залгамж үеэ бэлтгэх зорилгоор багаа залуу үеэр цус сэлбэн холимог багаар оролцуулж буй нь том давуу талтай.
Ингээд Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн бэлтгэлийг зорин очиж, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар нартай ярилцлаа.

МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл: Энэ оны зургаадугаар сард жүдочид ДАШТ-д оролцсоноор эхний улирал өндөрлөнө
-Улсын шигшээ багийн тамирчид маань яг төлөвлөгөөнийхөө дагуу энэ оны эхний тэмцээндээ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирлээ. Манайх энэ тэмцээнээс нэг алтан медаль, гурван тамирчин 5 дугаар байр, гурав нь 7 дугаар байр гэсэн амжилттайгаар оролцлоо. Ер нь 2025 он гараад анхны өргөн бүрэлдэхүүнтэй явсан тэмцээн.
Манай шигшээ багийг 4 дүгээр сарын 25-наас 28-ны хооронд Тайланд улсын Бангкок хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа бөгөөд бүтэн багаараа оролцоно. 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, хувийн жиндээ болон багийн холимог болон тивийн АШТ-дээ оролцохоор ерөнхийдөө бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Мөн наана нь энэ сарын дундуур дотоодын цуврал болох улирал бүр 2 сар тутамд зохион байгуулдаг 100 саяын шагналын сантай “Топ-6” тэмцээн М Банк аренад зохион байгуулна. 2025 оны “Топ-6” тэмцээний 3 дахь цуврал тэмцээн. Үүнд БНСУ-ын шигшээ багийн 6 тамирчин ирж оролцох урилга илгээсэн. Ингэснээр манай тамирчдад гадны орны тамричдаас суралцах зүйл их байна, хурд хүч авхаалж самбаагаа ч өндөр хэмжээнд сорино. Үүнийг тодорхой тайлбарлавал дотоодын тэмцээн тэр дундаа энэхүү шилдэг топ зургаа тэмцээнийг бага багаар нээлттэй болгоод, тэгээд эхний ээлжид Солонгос тамирчдыг урьж байна. Дараагийн тэмцээнд ОХУ-аас ч юм уу, ингээд багуудыг нэг нэгээр нь уриад, Монголдоо тойргийн системээр барилдуулаад тамирчдаа аль болох гадны тамирчдаас суралцуулан, олон тойрог барилдуулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Шигшээгийн тамирчдын хувьд ААШТ-дээ явна. Тэрнээс ирээд 5 дугаар сарын 1-нээс 3-ны хооронд “Душанбе” багийн Их дуулга бий. Энэ Их дуулгад Ази тивийн тэмцээнд оролцоогүй залуучууд маань явна. Азийн аваргын баг маань ирээд Монголдоо бэлтгэлээ хийж байгаад 5 дугаар сарын 14-нөөс 17-ны хооронд болох Казахстаны Астана хотод болох тэмцээнд оролцоод ерөнхийдөө энэ оны хагас улирлын тэмцээн дуусаж байгаа.
Энэ оны 6 дугаар сард ДАШТ-дээ бид нар оролцоно. 5 дугаар сарын 20-ноос шигшээ баг маань хөдөө орон нутагт байрлаад, дэлхийн аваргын суурь бэлтгэлдээ гараад явчихна. Тэгээд 6 дугаар сард ДАШТ-дээ оролцоод ерөнхийдөө хагас улирал маань дуусаж байна гэсэн үг. Тэгэхдээ хагас улирлын төлөвлөгөө ийм байна.


Жүдо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар: Тамирчдын суурийг нь Х.Болдбаатар багш сайн тавиад өгчихсөн учраас надад ажиллахад илүү ойр байгаа
-Олимпын дараа дэлхий нийтээрээ ер нь залуучуудыг түлхүү тэмцээнд оролцуулж, шинэ цикл эхэлж буйг илтгэж байна. Манай баг ч гэсэн ерөнхийдөө бол залуучууд түлхүү оролцсон. Миний хувьд сэтгэл хангалуун байгаа. Тамирчид маань сайн барилдсан, олон хүн медалийн төлөө барилдсан. Нэг алтан медаль хүртээд, хүрэл медалийн төлөө 4 хүн барилдсан. Медаль авч чадаагүй ч гэсэн ер нь тамирчид бол жигдхэн бэлтгэлтэй байна л гэж үзэж байгаа.
“Топ-6” тэмцээн цаг үеэ мэдэрсэн шилдгүүдийн чуулдаг өрсөлдөөн. Эхлээд тамирчид бол нэг их сайн ойлгоогүй л дээ. Юу гэсэн үг юм, жилд 6 удаа тэмцээн зохионо, улсын аварга бас нөгөө чансаа тогтооно гээд байгааг нь нэг их ойлгоогүй байсан. Одоо бол ойлгоод, ер нь тэр тэмцээн өгөөжөө өгч байна гэж үзээд маш идэвхтэй ороод эхэлсэн.
Ер нь өрсөлдөөн ширүүн болоод эхэлж байгаа. Одоо доороос нь нөхөж орох, жишээлбэл тамирчид тэр тал дээр дахиад нэг жоохон өөрчлөөд үзэх хэрэгтэй байх гэж бодож байгаа. “Топ-6” бол маш их юм өгч байгаа тэмцээн. Өрсөлдөөн бүр өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү нэмэгдээд явчхаж байгаа.
Манай шигшээ багт өмнө нь Халиуны Болдбаатар багш байсан. Их мундаг багш шүү дээ. Монголд ер нь хамгийн мундаг багш. Тамирчдынхаа ерөнхий суурийг гоё тавиад өгчихсөн учраас миний ажилд нэлээн дөхөмтэй, хөнгөрсөн гэж үзэх юм уу даа. Миний хувьд өөрөө техникийн тал дээр түлхүү ажиллая гэж бодож байгаа.
Ер нь залуучууд олон байгаа учраас залуучуудыг хөгжүүлэх тал дээр их анхаараад ажиллана даа, болно доо. Тэгээд манай монгол залуучууд авьяастай шүү дээ.