
Бид энэ удаа харааны бүрэн алдагдалтай, Англи хэлний багш А.Лхамсүрэнг онцоллоо. Тэрээр мөрөөдөл төдий байсан Харвард, Стэнфордын их сургуулийг тэтгэлэгт тэнцсэн, үлгэр жишээ эмэгтэй юм. Түүний амьдралыг харах өнцөг, ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилгынх нь талаар ярилцлаа.
Өөрийгөө боловсролын төлөө төрсөн хүн гэж ярих тэрээр Стэнфордын их сургуулийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдсан бөгөөд үлдсэн зардал болох 300-350 сая төгрөг шаардлагатай болсон тул халуун сэтгэлт ард түмнээсээ дэмжлэг хүсэж байна.
Хандивын данс: 5313205293 А.Лхамсүрэн /Хаан банк/
БИ ЭНГИЙН Л МАЛЧИН АЙЛЫН ХҮҮХЭД. ХАРВАРД МИНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙСАН
Тэрээр ярихдаа, “Би Харвард болон, Стэнфордын их сургуулийн магистрын хөтөлбөрт тэнцэж, урилгаа авсан. Харвард бол миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Хаана байдгийг нь ч мэддэггүй байхдаа, “би том болоод Харвардад сурна” гээд ярьдаг байсан юм. Их сургуулиа төгсөөд, ажилтай болоод л миний мөрөөдөл, амбиц байхгүй болчихсон байсан. Хүн нэг өөрийгөө эргэцүүлдэг шүү дээ. Би бодож сууж байгаад гэнэт санасан. “Би Харвардад сурах мөрөөдөлтэй байсан шүү дээ” гээд л.
Би энгийн л нэг малчин айлын хүүхэд. Хүн хэдий чинээ бэрхшээлтэй тулгарна, төдий чинээ бодож эхэлдэг. Маш тод санадаг юм. Хагалгаанд ороод, боолтоо авсан чинь, хардаг байсан гэрэл маань байхгүй болчихсон. Аав минь намайг сахиж байхдаа, бараг л 10-20 минут тутам “Миний охин, цонхны гэрэл харагдаж байна уу, таазны гэрэл харагдаж байна уу” гээд асууж байсан. Тэгж асуухад нь би уйлахгүй, “Зүгээр ээ, санаа зоволтгүй” гээд тайван байхыг хичээж байсан. Надаас илүү санаа нь зовж, сандраад байхад нь өөрийн эрхгүй тайван байх, аавыгаа яаж тайвшруулах вэ гэж бодсон. Харахаа больчхоод би өөртөө, “Чи аав, ээждээ маш их хайртай. Энэ хүмүүс миний төлөө яаж хичээдгийг мэднэ. Хараагүй болсноороо энэ хүмүүсийг үргэлж залуугаар нь төсөөлж явах юм байна” гээд өөртөө хэлж байсан.
2018 ОНД БҮРЭН ХАРААГҮЙ БОЛСОН
Би жаахан байхдаа ном унших маш их дуртай байсан. Аав ээж минь намайг битгий ном уншаад байгаач гэж их загнадаг. Хаяаныхаа гэрлийг дагаад, тооноор буусан нарны гэрлэн дээр очоод номоо уншдаг байсан. Одоо тэр номуудын үг нь бараг харагддаг. Тэгж шимтэж ном уншсандаа харамсдаггүй. Тэгж явж байгаад л 2018 онд бүрэн хараагүй болсон.
Би ирээдүйнхээ зорилго мэргэжлийг үндэслээд Стэнфордын их сургуульд суръя гээд шийдсэн. Олон улсын боловсролын бодлого, анализ гэх мэргэжлийг сонгосон байгаа. Үүгээр мэргэших юм бол эргээд монголын боловсролын салбарт хэрэгтэй байгаа судалгаанууд хийдэг чиглэлийн мэргэжилтэн болж ирэх юм. Стэнфордын их сургуульд 50 хувийн, захирлын нэрэмжит тэтгэлэг авсан. Энэ нь зөвхөн сургалтын төлбөр дээрээс хасагдана. Үлдсэн 30 мянга гаруй долларын сургалтын төлбөр, байр, хоол гэх мэт бусад зардлын мөнгө шаардлагатай байгаа. Тиймээс олон нийтийн дэмжлэг хүсье гэж шийдсэн. Би өөрийгөө боловсролын төлөө төрсөн хүн гэж боддог. Би өөрөө дотооддоо ч юм уу сургуульд сураад, ажиллаад, өөрийгөө болгоод явахад болж байгаа. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй хамаагүй хүүхэд залуусын төлөө юм хийдэг хүн болмоор байна гэж хүсэж, багаасаа үнэ цэнийг нь мэддэг учраас сурахыг хүсэж байгаа юм” гэлээ.