
Монгол Улсын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталж, биржийн арилжаагаар нүүрс, зэсээ зарж эхэлсэн.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, нүүрс- хими, кокс химийн цогцолбор, гангын цогцолбор” зэрэг мега төслүүдийн бүтээн байгуулалт хийхээр болсон.
Гэсэн хэдий ч холбогдох эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон өөр хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагаврууд байсаар байна. Энэ эрсдэлүүд цаашлаад Үндэсний баялгийн санг нэмэгдүүлэхэд бэрхшээл үүсгэж байгаа.
Тиймээс Уул уурхайн биржийн тухай хуулиа илүү “уян хатан” зохицуулалттай болгохоор УИХ-д өргөн бариад буй.
Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар
- дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь,
- аж үйлдвэрийн салбарын 72 хувь,
- гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь,
- экспортын орлогын 94 хувь,
- төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 сая ам.доллароор буюу (3.1%) буурсан байна.
Экспорт, импортоос давамгайлж 294 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 сая ам.доллароор буурчээ.
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
2025 оны 1, 2 дугаар сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагчид оролцож байгаа нь эрэлт огцом буурсныг илтгэнэ.
Мен уул уурхайн бүтээгдэхүүний чанар, эрэлт нийлүүлэлтийн харьцаанаас хамаарч бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа бөгөөд биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хатуу тогтоох асуудлыг уян хатан зохицуулахгүй бол худалдан авагчид бүх эрсдэлийг үүрч байна.
Түүнчлэн, дэлхийн дахинд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд цэвэр эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр цацраг идэвхт ашигт малтмалын хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас олборлолтод бэлтгэгдсэн цацраг идэвхт ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байна.
Монгол Улс цацраг идэвхт ашигт малтмалын борлуулалтын мэдээ, тайланг олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргийн дагуу Олон Улсын Атомын Энергийн Агентлагт хүргүүлэх шаардлагатай бөгөөд энэ хүрээнд цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг боловсронгуй болгох, шат дамжлагыг бууруулах, нэгдсэн тогтолцоонд оруулах шаардлагатай байна.
Энэ хүрээнд стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн худалдах гэрээг байгуулах тохиолдолд Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу байгуулах, мөн биржийн арилжааны үнийг Олон Улсын худалдааны танхимаас гаргасан худалдааны нөхцөлөөр зарлах тухай зохицуулалтуудыг хийх юм байна.
Ингэснээр Уул уурхайн биржээс урт хугацааны гэрээгээр олон мянган тонн нүүрс тогтсон нэг үнээр худалдан авсан компаниудад уян хатан нөхцөл тавих, шинээр худалдан авагчид үнийг индексжүүлсэн тарифыг сонгох боломжтой болох аж.