
УИХ-ын гишүүн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тайлан нэрээр сонин, сэтгүүл тарааж, уулзалт хийх боломжгүй боллоо.
Хууччуул шинэ нэр дэвшигчдээс ийн давуу эрх эдэлж сонгуулийн сурталчилгаагаа эрт эхлүүлдэг нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байна гэж үзэн ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 41.9, 44.6 дахь заалтыг түр түдгэлзүүлээд байсан юм. ҮХЦ-ийн дүгнэлтийг гуравдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байгаа юм. Харин өчигдөр /2025.03.27/ УИХ-ын чуулганаар ҮХЦ-ийн эл дүгнэлтийг УИХ-ын гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсанд тооцсон байна.
Ингээд:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсэг дэх “Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй”
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44.6 дахь хэсэг дэх “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэх ХОЁР ЗААЛТ ИЙНХҮҮ ХҮЧИНГҮЙ БОЛЛОО.
Энэ хоёр заалтыг хүчингүй болгохын өмнө ямар, ямар УИХ-ын гишүүн юу ярив?
С.Бямбацогт: Би бас энэ цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Уг нь иргэдэд тайлангаа тавьж, дүнгээ тавиулан дахин сонгогдох уу, үгүй юу гэдгээ мэдрэх юм. Тайлан ч тавьдаггүй, ажил ч хийдэггүй байдлыг өөгшүүлсэн хууль болох гээд байна. Тайлан тараалгахгүй ч иргэдтэй уулзуулдаг байх хэрэгтэй болов уу.
П.Сайнзориг: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Иргэдийнхээ мэдэх эрхийг хангах хэрэгтэй. Ямар хүнийг сонгосон юм, тэр хүн нь ямар ажил амжуулсан юм гэдгийг мэдэж байж энэ хүнээ дахин сонгох уу, эсвэл өөр хүнийг сонгох уу гээд шийдвэр гаргах боломжийг нь олгох үүднээс гишүүд тайлангаа хүргүүлэх нь зөв юм. Тайлан хүргүүлсэн хүн нэр дэвшихгүй ч байж магад. Улс төрөөс явах гэж байгаа ч хүн байж мэднэ. Энэ хүмүүсийн боломжуудыг хаачхаж байна уу гэдгийг бодох л хэрэгтэй.
О.Номинчимэг: Хүчингүй болгох гээд байгаа зүйл заалтууд маань өөрөө тодорхой бус байна. УИХ-ын гишүүн тайлангаа тавьж болох ч тайлангийн агуулга нь ямар байх юм. Яачих юм бол сонгуулийн сурталчилгаа гэж үзэх юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Х.Баасанжаргал: ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж бодож байгаа. УИХ-ын гишүүдэд олгож байгаа давуу эрх боловч дахиад үүний цаана өрсөлдөх зуу, зуун нэр дэвшигчдэд маш том сул талыг үүсгээд байгаа юм. Энэ чинь өөрөө хүний эрхийн зөрчил мөн. Тиймээс гишүүд маань хүний эрх талаас нь харж шийдвэрээ гаргаарай.