
Төр 111 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ мартаж, эдгээр иргэд наад захын хүн байх эрхээ эдэлж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 600 шинэ автобус ашиглалтад оруулсан ч, сунадаг шат нь ажилладаггүй, жолоочид тэргэнцэртэй иргэдийг өргөж, автобусанд суулгадаг асуудал хэвээр…
Хөдөлмөр эрхлэхийг нь дэмжсэн ч, тэд ажилдаа очих замдаа “бүдэрнэ”
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил гэж зарласан. Индэрийн ард зогссон Л.Энх-Амгалан сайд гоё сайхан үг хэлж, иргэдээр алга ташуулах хэдий ч бодит байдал дээр тэд хөдөлмөр эрхлэх боломж бараг л байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэж байгаа бол эхлээд ажилдаа явах замыг нь сайжруулж, автобусанд суух боломжийг нь нээж өгөх хэрэгтэй.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг хоёр жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр хэрхэн үйлчлүүлж байгаа талаар сурвалжилсан. Тэр үед автобусанд суух боломж байгаагүй. Жолооч нь намайг өргөөд оруулж байсан бол хоёр жилийн дараа ч байдал огтоос өөрчлөгдсөнгүй. Энэ асуудлын талаар иргэд дараах байр суурийг илэрхийллээ.
Иргэн Д.Бат-Эрдэнэ /Тулгуур эрхтний бэрхшээлтэй/: Тэргэнцэртэй хүмүүс бол налуу зам нь байвал гараад явчихна. Налуу зам байхгүй бол тэгээд л хаашаа ч орохгүй. Хүнээр нэг тэргэнцрээ эвдүүлчих гээд өргүүлээд л гараад явдаг. Харин бидний хувьд энд тэндхийн тансаг чулуун шат, шал маш хүндрэлтэй. Байгууллагууд нэг их гял цал болсон плита шалтай. Нисэж үхэх холгүй явна шүү дээ. Гантиг бродюр ч гэж байх шиг. Бороо, цас орсны дараа тэр дээгүүр нь явахын эцэсгүй байдаг.
Тэргэнцэртэй иргэдийн холбооны мэргэжилтэн Б.Болормаа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй автобус нь Офицер-Таван шар гэсэн нэг чиглэлтэй байдаг учраас Яармаг, Баянхошуу, Чингэлтэй гэх мэт газруудад байдаг иргэд маань тэр бүр үйлчлүүлэх боломжгүй байдаг. Өндөр шаттай хэн нэгний тусламжтай л явах гээд байдаг. Бид бусдын адил ганцаараа нийгмийн харилцаанд ороод, дэлгүүр хоршоо, сургууль, ажил, гэр гээд бүх л зүйлд хэн нэгний тусламжгүй л явмаар байна шүү дээ. Гэтэл нийтийн тээвэр хүртээмжгүй л байгаад байгаа. Парк шинэчлэл хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ оролцоог хангаж, хэрэглэгч болсон хүмүүсээс нь асууж зөвлөмөөр байна. Сүүлд орж ирсэн улаан автобуснууд хэдийгээр хүртээмжтэй боловч тэр бүр бидэнд шатаа буулгадаггүй. Бид хэний ч тусламжгүйгээр хаана ч үйлчлүүлж чадахгүй л байна. Нийгмийн энэ байдлаас болж гэрээсээ гарч чаддаггүй, сэтгэл санаагаараа үхэж, хүн гэдгээ мэдрэхээ больсон хүмүүс олон бий.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэзээг хүртэл, хэн нэгний сайхан сэтгэл, туслалцааг хүлээж нийгмийн харилцаанд оролцсоор байх вэ. Монгол Улсын хэмжээнд 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа. Жил ирэх тусам нийгмийн орчин бага багаар сайжирч байгааг үгүйсгэхгүй ч тэдний эрх зөрчигдсөөр буйг 20 минутын хугацаанд тэргэнцэртэй явахад л анзаарч болно.