
БНСУ-ын засгийн газар хүүхдүүдийг “экспортлодог” байснаа хүлээн зөвшөөрчээ
БНСУ-ын засгийн газар гадаадын улс орнууд руу хүүхэд үрчлүүлэх хөтөлбөрөөрөө хүний эрхийг олон арван жилийн турш ноцтой зөрчиж ирсэн нь тогтоогджээ.
1950-аад оноос хойш БНСУ нь хүүхэд үрчлүүлэх хувийн агентлагуудаар дамжуулан гадаадын улс орнууд 200 мянга гаруй хүүхэд үрчлүүлсэн байна.
Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь насанд хүрч, төрсөн эх эцгээ хайх явцдаа дээрх агентлагууд нь дарамт шахалт үзүүлэх, хууран мэхлэх арга замаар хүүхдүүдийг эх эцгээс нь салгаж, гадаадын улс орнууд руу үрчлүүлэхээр илгээсэн болохыг олж тогтоожээ. Үүнтэй холбоотойгоор 2022 онд БНСУ-ын засгийн газрын дэргэдэх бие даасан Үнэнийг тогтоох, Эвлэрүүлэх зөвлөл нь уг үйл явдлыг шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн лхагва гарагт тус зөвлөлд ирсэн 365 өргөдлөөс эхний 100-г шалгасныхаа үр дүнг танилцуулсан байна. Эдгээр өргөдлүүдийг 1964-1999 оны хооронд гадаадын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд илгээсэн ба өргөдөлдөө үрчлүүлэх үйл явц нь хууль бус явагдсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тайланд гадаадын агентлагууд нь БНСУ-ын хүүхэд үрчлүүлэх агентлагуудаас сар бүр тодорхой тооны хүүхэд илгээхийг шаарддаг байжээ.
Өмнөд Солонгосын агентлагууд нь төрийн ямар ч хараа хяналтгүйгээр тэдгээр шаардлагуудыг нь биелүүлж, хүүхдүүдийг олноор нь үрчлүүлдэг байсан тухай бичжээ. Засгийн газрын зүгээс ямар нэг зохицуулалт байгаагүй учраас хүүхэд үрчлүүлэх агентлагууд нь хүүхэд үрчилж авах гэсэн гэр бүлүүдээс их хэмжээний мөнгө авдаг байсан нь хүүхэд үрчлүүлэх үйл явц нь ашгийн төлөө болж хувирсан гэжээ.
Түүнчлэн хүүхдүүдийг ээжийнх нь зөвшөөрөлгүй үрчлүүлдэг байсан мөн хүүхэд үрчилж авч буй гэр бүлүүдийг зохих ёсоор шалгадаггүй байснаас гадна агентлагууд хүүхдүүдийн бичиг баримтан дээр эцэг эх нь хаясан, үрчлүүлэх гэж өгсөн мэт болгон худал бичиж, хүүхдүүдэд хуурамч гэрчилгээ гаргаж өгдөг байсан нь тогтоогджээ. Гадаадын гэр бүлүүдэд үрчлэгдсэн тэдгээр хүүхдүүдийн төрсний гэрчилгээ нь хуурамч учраас тэд одоог хүртэл төрсөн эцэг эхээ олж чадахгүй байгаа аж. Үнэнийг тогтоох, Эвлэрүүлэх зөвлөлийн дарга Пак Сун Ён, “Энэ бол манай улсын түүхэн дэх ичгэвтэр явдал.
Гадаадын гэр бүлүүдэд үрчлүүлсэн хүүхдүүдийн зарим нь сайн гэр бүлтэй таарсан бол үлдсэн нь асар их зовлон зүдгүүрийг давж, сэтгэлийн гүн шархтай үлдэж, өнөөдрийг хүртэл олон саад бэрхшээлтэй учирсаар байна.” хэмээн онцолжээ. Үнэнийг тогтоох, Эвлэрүүлэх зөвлөл нь БНСУ-ын засгийн газар албан ёсоор уучлалт гуйж, гадаадын гэр бүлүүдэд хүүхэд үрчлүүлэх үйл явцыг олон улсын стандартад нийцүүлэхийг зөвлөжээ.