
Д.Сундуйжав 100 хувь харааны бэрхшээлтэй хэдий ч “Орчин үеийн хөгжмийн Харвард” гэж нэрлэгддэг Беркли коллежийн тэтгэлэгт тэнцэж чадсан юм. Түүний энэ амжилтад гэр бүлийн боловсрол, хичээл зүтгэл хамгийн их нөлөөлсөн төдийгүй энгийн хүүхдүүдтэй эрх тэгш суралцах боломжоор нь хангаж өгсөн боловсролын байгууллагууд ч мөн чамгүй их дэм болжээ.
-Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалааа. Уншигдадаа өөрсдийгөө танилцуулаач
Д.Сундуйжав: Сайн байна уу. Миний нэрийг Сундуйжав гэдэг. Би 17 настай. Томүжин альтернатив сургуулийн 12-р ангийн сурагч.
Х.Мөнгөнцэцэг: Намайг Х.Мөнгөнцэцэг гэдэг. Анагаахын чиглэлийн мэргэжилтэй. Гоо засалч мэргэжлээр 16 жил хүүтэйгээ хамт ажилласан. Хүүгээ дагуулаад л ажлаа хийгээд хүнд үйлчлээд явдаг байлаа. Хүүгээ ямар хүн болгож өсгөх, боловсрол дээр нь яаж анхаарах талаар маш их хичээж, судалж мэдээлэл хайж ирсэн. Манайх хоёр хүүхэдтэй. Охин маань одоо 26-тай. Нөхөр маань 73 дугаар сургуульд багшилдаг.
-Дэлхийд нэр хүндтэй Беркли коллежид тэнцчихлээ шүү дээ. Анх хариугаа хараад ямар мэдрэмж төрж байв?
Д.Сундуйжав: Коллежийн шийдвэр ирчихлээ гэсэн мэйл ирсэн. “Тэнцээгүй гэх хариунд бэлэн байна аа” гээд л сэтгэлээ бэлдээд дуу сонсож дуусчхаад л харсан чинь бодлыг минь орвонгоор нь эргүүлсэн зүйл болсон. “Та тэнцсэн байна. Ганцхан Беркли коллеж гэхгүй Берклигийн бусад бүх салбаруудтай холбоотой байна аа маш том амжилт гаргаж чадлаа. Баяр хүргэе” гэсэн шуудан ирсэн чинь шууд шоконд ороод итгэж ядсан.
-Ээж аав нь яаж хүлээж авсан бэ?
Д.Сундуйжав: Өөрөө хариугаа харчхаад өрөөнөөсөө гарахдаа юмыг хөгжилтэй болгох дуртай зангаараа тоглоом хийгээд тэнцээгүй ээ гэж хэлдэг юм уу гэж бодож байснаа заа ийм том амжилтыг чинь ингэж тоглоом шоглоом хийж болохгүй гэж бодоод л “За тэнцчихлээ” гээд хэлсэн. Намайг АНУ-руу явтал шок нь гарахгүй байх /инээв/
-Олон хөгжлийн бэрхшээлтэй ээж аав яг энэ асуултыг асуухыг хүсэж байгаа байх гэж бодож байна. Та яаж хүүгээ ингэж хөгжүүлж чадав?
Х.Мөнгөнцэцэг: Хөгжлийн бэрхшээлтэй хүүтэй боллоо гэж дуулчхаад үнэхээр гайхаж байсан л даа. Энэ хүүхдийг яаж авч явах ёстой юм, яаж хүмүүжүүлэх ёстой юм. Ээж хүний мэргэн ухаан гэдэг зүйлийг хайгаад, ирээд, суралцаад л хүүгийнхээ бүх л хэцүү зүйл болгон дээр нь хамт байж шантрах үед нь адилхан шантрана. Хүүгээ энэ зэрэгтээ суралцахад энэ амжилтад хүрэхэд маш их бэрхшээлийг даван туулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй боллоо гэхэд хүүхдэдээ итгээрэй, өөрсдөдөө ч мөн итгээрэй. Надад хүү минь олон ертөнцийг харуулсан гэж боддог. Хүүгийнхээ буянаар нийгэмд гайхалтай ээжээрээ дуудуулаад, мундаг ээж шүү гэж бахдуулаад явж байгаад үнэхээр баярладаг.
-Сундуй энэ жоохон дэггүй асуулт шүү. 17 настай шүү дээ. Найз охинтой юу?
Д.Сундуйжав: Байгаа. Үерхээд гурван жил гаран болж байна
Х.Мөнгөнцэцэг: Болзох асуудал дээр бол гэр бүлийн л туслалцаа хэрэгтэй. Өөрсдөө шууд гараад гүйчхэж чадахгүй үеийн хүүхдүүд шиг ээ.
-Хөгжмийн ямар төрлөөр хичээллэж байгаа вэ? Беркли коллежид ямар чиглэлээр сурах вэ?
Д.Сундуйжав: Хоёрдугаар ангиасаа эхлээд дөрвөн жил хөгжмийн онолын болон мэргэжлийн гүнзгий ангид сурч байсан. Тэгээд яг хөгжмийн ангиа төгсөөд өөрийнхөө тайлан тоглолтыг хийгээд зохиосон аяа хүмүүст тоглож үзүүлсэн чинь маш гоё санагдсан. Одоо бол хөгжмийн найруулга, электроник найруулга, кино, дуу чимээний дууны дизайн олон талаас нь ажиллаж харъя гэж бодож байгаа. Энэ чиглэлээрээ коллеждоо суралцана
-Намраас Америкт очоод коллеждоо суралцана. Эхний ээлжинд бол ээж нь дагаад явна. Дасан зохицох шаардлагатай болно. Тэнд манай Монгол шиг ийм ойлгомжгүй ч юм уу, замбараагүй байх нь бага байх гэж бодож байна. Гэхдээ л тэр том далай руу үсрээд орлоо. Юу бодогдож байна. Дасан зохицоход хэр их хугацаа шаардана гэж өөрөө төлөвлөж байна?
Сундуйжав: Яг үнэнээ хэлэх юм бол яана даа л гэж бодож байгаа. Гэхдээ хүн өөрийнхөө тухтай байгаа газраас гарахад бүх зүйл хэцүү байна, болж бүтэхгүй санагдана. Шантаръя, бууж өгье гэж боддог юм байна билээ. Одоо жишээлбэл нэг хоёр сар боллоо гэж бодоход тэр бодол нь арилаад нөгөө шинэ амьдралдаа дасаад, нөгөө хуучин газраа очихоороо ямар амархан байсан юм бэ гэж бодогдоно. Карьер, мэргэжилдээ анхаараад амьдралынхаа ур чадваруудыг сурч чадаагүй. Одоо сурахгүй бол тэгээд л цаашдаа болохгүй. Тэгээд л ер нь цаашдаа дуусах юм байна даа гэж бодоод Одоо гялс сураад авъя, шинэ туршлага хуримтлуулъя гэж бодож байна.
Х.Мөнгөнхишиг: Бид хоёр чинь бага багаар л будаа агшааж суръя, шалаа угааж суръя, оймсоо хүртэл ялгаж суръя гээд л, угаалгын машиныг тохируулж суръя плитка яаж асааж унтраах юм гэхээс авхуулаад л бүх зүйлийг хийж сурч байна.