
Японы Токио хотын шүүх тус улсад үйл ажиллагаа явуулдаг Эв нэгдлийн сүм буюу Мүүний шашны сүмийг татан буулгах шийдвэр гаргажээ. 2022 онд Японы Ерөнхий сайд агсан Шинзо Абэг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад тус сүм нь Японы Либерал ардчилсан намтай олон арван жилийн турш нягт холбоотой байсан нь тодорхой болсон юм.
Мүүний шашны сүм нь 1968 онд Шинзо Абэгийн өвөө Японы Ерөнхий сайд агсан Нобүсүке Кишигийн коммунизмын эсрэг хөдөлгөөн өрнөж байх үед Япон улсад хууль ёсоор шашны байгууллагын хувиар үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авсан бол Шинзо Абэг хөнөөсөн этгээд гэр бүлд нь тулгарсан санхүүгийн асуудалд Мүүний шашны сүм буруутай хэмээн мэдэгдсэн билээ. Токио хотын шүүх нь 2023 онд Японы Боловсролын яамнаас гаргасан нэхэмжлэлийн дагуу шийдвэрээ гаргажээ. Японы Боловсролын яам нь БНСУ-д төвтэй Мүүний шашны сүмийн хандив цуглуулах, шашиндаа элсүүлэх тактик нь тус сүмийн дагагчдыг айдаст автуулж, гэр бүл, ойр дотныхонд нь сөргөөр нөлөөлж байгаа учир тус сүмийг татан буулгахыг хүссэн аж.
Ингэхдээ Боловсролын яамны зүгээс 170 гаруй хүнээс авсан мэдүүлэг дээр үндэслэсэн 5000 баримтыг нэхэмжлэлдээ хавсаргажээ. Сүмийн зүгээс дагагчдаа үнэтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахыг шахан шаардаж, их хэмжээний хандив мөнгө нэхдэг байсан нь шашны байгууллагын хууль журманд нийцэхгүй гэжээ. 1954 онд Сүн Мён Мүүний үүсгэн байгуулсан Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо сүм шүүхийн шийдвэр нь тус сүмийг дагагчдын шашин шүтэх эрх болон хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал хэмээн шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.