
БНСУ-ын өмнөд зүгийн бүс нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас багадаа 18 хүн амь үрэгдэж, 19 хүн гэмтжээ.
Тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Хан Док Су өнгөрсөн долоо хоногт дэгдсэн ой хээрийн түймэр урьд хожид байгаагүй их хэмжээний хохирол дагуулсан болохыг онцолж, түймэртэй тэмцэж буй агентлагуудад бүх нөөц бололцоогоо ашиглахыг үүрэг болгожээ. Хуурай салхины улмаас түймэр хурдацтай тархаж байгаа нь гал сөнөөгчдийн ажлыг хүндрүүлж байна. Түймэр хэдийн 17,400 га талбайг хамарч, замдаа таарсан тариалангийн талбай, олон зуун барилга байгууламж, тэр дундаа 1300 жилийн настай Буддын сүмийг үнсэн товорго болгожээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн мягмар гарагт Аньдун болон зүүн өмнөд зүгийн бусад хотуудын удирдлагууд оршин суугчдаа нүүлгэн шилжүүлж, сургуулийн байр, биеийн тамирын заал зэрэг түр орогнох байруудад байршуулж эхэлсэн байна.
Аньдун болон Үлсан хот, Ыйсон, Саньчон хошуунаас 5500 гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Түймэртэй тэмцэхээр 9000 орчим гал сөнөөгчид, 130 гаруй нисдэг тэрэг, олон зуун машин техник ажиллаж байна. Ыйсон хошуунд гарсан түймэрт VII зуунд баригдсан буддын сүм шатаж, түймэр ойролцоо байрлах далайн эргийн Ёндок хотын нутаг дэвсгэр лүү тархжээ. Үүнтэй холбоотойгоор тус хотын удирдлагууд авто замуудыг хааж, ойролцоох тосгодын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Түүнчлэн эрх баригчид Ыйсон хошуунд байрлах хорих төвийн 2600 хоригдлыг аюулгүй байршил руу нүүлгэн шилжүүлсэн байна.
