
Бид энэ удаа албино хүмүүсийн төлөөлөл О.Отгонбаатартай цөөн хором ярилцлаа. Өдгөө 27 настай тэр ХААИС-ийг дүүргэж, IT инженерээр ажилладаг. Хөдөлмөрлөж олсон цалингаа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж, Япон, Англи хэлийг ажлынхаа хажуугаар шамдан сурах болжээ. Учир нь тэр, “Бид нар шиг хүмүүс энгийн хүнээс 2-3 дахин хичээх ёстой байдаг. Тийм учраас өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх маш чухал” хэмээн ярьсан юм.
О.Отгонбаатар 2020 онд их сургуулиа төгссөн. Түүнд нийгэмтэй нүүр тулахаас эмээж, өөрийгөө хоёр жил хүлж, хорьсон он жилүүд бий. Гэсэн ч тэр айдсаа давж хичээснээр бусдын гадуурхлыг мэдрэхээ больсон тухайгаа ярилаа.
Энэ талаар, “Би их сургуулиа төгсөөд гэртээ хоёр жил юу ч хийгээгүй. Гадуур гарч, нийгэмтэй харилцъя гэхээр үнэндээ айж байсан. Тийм амар биш шүү дээ. Их сургуульд байхдаа ч бэрхшээлтэй олон асуудлыг туулсан. Гэхдээ хэдийг болтол өөрийгөө хорих вэ дээ гэж бодсон юм. Би чинь ээжийнхээ түших ганц хүн нь. Миний төлөө амьдралаа зориулсан ээжийнхээ ачийг хариулах хэрэгтэй биз дээ. Гэхдээ хүн өөрөө хичээвэл нийгэм биднийг хүлээж авна.
АЖЛЫНХАА ХАЖУУГААР ЯПОН, АНГЛИ ХЭЛ СУРЧ БАЙНА
Миний гадна төрхийг хүүхдүүд хараад их гайхдаг. Томчууд бол тоохгүй шүү дээ. Орчин үед бүгд л ойлгодог болсон. Жирийн хүн шиг л байдаг. Гэрэлтэй үед гадуур явахад их хүндрэлтэй. Учир нь арьс эмзэг учраас наранд явж болдоггүй. Нарнаас нуугдаж амьдрах тийм ч сайхан биш… Жишээ нь би их сул хардаг. Автобусаар явах хэрэгтэй болно. Автобусны дугаараа харж чаддаггүй.
Миний хувьд одоо И Брайл Софт гээд хараагүй хүмүүсийн байгууллагад ажилладаг. Би багаасаа аавгүй өссөн. Ээж маань л намайг өдий зэрэгтэй аваад явж байна. Ээжийнхээ ачийг хариулна аа л гэж боддог. Одоо бол их сургуулиа төгсөөд, ажилд орсон. Тийм болохоор ачийг нь хариулж байгаа л гэж бодож байна. Хөдөлмөрлөөд явж байгаа нь ачийг нь хариулж байна аа л гэсэн үг шүү дээ. Бид нар шиг хүмүүс жирийн хүмүүсээс илүү байх хэрэгтэй. Жишээ нь би ажлынхаа хажуугаар Япон, Англи хэл сурч байна. Цалингаараа сургалтын төлбөрөө л төлдөг дөө” гэсэн юм.