
Автобус тойрсон асуудлыг бид цуврал болгон та бүхэндээ хүргэхээр бэлтгэв. “Автобус ба асуудал” цувралын эхний дугаартаа автобусанд “хог” болж “хэвтээ” монголын мөнгөн дэвстгэрийг онцолж байна. Яг үнэндээ мөнгөн дэвсгэрт ярих гэж байгаа ч юм биш…
Нийтийн тээвэр бол нийслэлчүүд бидний голлох унаа. Бохир заваан, хүртээмжгүй гэж элдвээрээ л цоллуулдаг ч төрийн болон хувийн өмчийн 1100-1200 автобус өдөр бүр үйлчилгээнд гарч байна.
НИТХ-ын ээлжит II хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орж, 1000 төгрөгөөр дөрвөн удаа чиглэл харгалзахгүй зорчих болсон. Гэсэн ч зорчигчид бэлэн мөнгөний хайрцаг руу канондсон мөнгөн дэвсгэрт, талыг нь хулгана идчихсэн юм уу гэмээр тал мөнгөн дэвсгэрт, өөрөөр хоёр мөнгөн дэвсгэртийг хооронд нь наагаад ч хийж байна. Зарим нь бүр НӨАТ-ын баримт, 00-ын цаас хүртэл мөнгөнд ороогоод хийчихсэн байдаг тухай автобус баазын орлогын нярав учирлаж байна.
Энэ талаар “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-ын Захирал Э.Энхтөр:
–Манай орлогын операторууд өдөржингөө мөнгө тоолдог. Энэ мэтчилэн гүйлгээнд нь нэвтрэхгүй, банк хүлээж авах боломжгүй хуурамч мөнгөнүүдийг ялгаад тавьчихсан байгаа. Канондчихсон 20 мянган төгрөг хүртэл байх жишээний. Зорчигчид маань нийтийн тээвэр 1000 төгрөг болчихсоныг мэдэж хэр нь ээ, тал мөнгө, уранхай ноорхой мөнгө хийчихдэг.
Мөн мөнгө өгөхгүй явдаг зорчигчид их байна. Жишээлбэл, урт автобуснуудын хойд талын сандалд огт мөнгө өгөхгүй иргэд олноор зорчиж байна. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч зорчигч зорчигч нар маань нийтийн тээврээр зорчихдоо зориулалтын мөнгөний хайрцагт, хууль ёсны буюу гүйлгээнд нэвтэрдэг мөнгөн дэвсгэрт хийж хэвшээсэй гэж чин сэтгэлээ хүсэж, уриалмаар байна.
“Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-ын Орлогын нярав Н.Отгондулам:
-Өдөрт 10-ын уутны талаар шахуу хүчингүй мөнгө гарна. Гэхдээ зөвхөн манай баазын хувьд шүү. Бусад баазуудынхыг хэрвээ нийлүүлэх юм бол өдөрт бараг шуудай дүүрэн мөнгө гарна биз. Одоо энд нэг юань байна. Гаднын ийм уранхай мөнгийг банк авахгүй. Ийм задгай мөнгийг банк сольж ч өгдөггүй. Тэгэхээр энэ мөнгийг ямар ч ашиглах боломжгүй гэсэн үг.
Ёстой нэг хэлэх ч үг алга даа. Иргэдийгээ соёлтой, мөнгө төгрөгөө бүрэн бүтэн хийдэг байгаасай л гэж хүсэж байна. Бид нар дэлгүүрт ороод талх авахдаа тал мөнгө барьчхаад, талх авъя гэдэггүй биз дээ. Түүнтэй л ижил шүү дээ уг нь.
Нийтийн тээврийн салбарт маш олон хүн ажиллаж байгаа. Нийтийн тээвэр маань бензин тосоор явдаг учир ийм их мөнгийг урж тасталгүй хийх юм бол парк шинэчлэлт хийгдэж, бидний цалин хүртэл нэмэгдэх боломжтой.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгтийг солих, устгах, хуурамч мөнгөн тэмдэгтийг устгах ажлыг Монголбанк хийдэг. Тэр утгаараа автобус баазууд дээр бөөгнөрсөн гүйлгээнд гарах боломжгүй эдгээр мөнгөн дэвсгэртийг Монголбанк устгах нь ээ. Үндэсний мөнгөн тэмдэгтээ үй олноор нь устгахад хүргэж буй, мөнгөн тэмдэгтээ хайр гамгүй хандаж буй ард түмэндээ хандаж энэ хэсэгт хуулийн зохицуулалтыг эргэн сануулъя.
Хуурамч мөнгө болон бэлэн мөнгийг урж талыг нь нэг удаа зорчихдоо, талыг нь дараа нь зорчихдоо ашиглаж буй нь эдийн засгийн гэмт хэрэг юм. Тодруулан хэлбэл, Эрүүгийн тухай хуулийн 18.7 дугаар зүйлд мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан тохиолдолд ямар хариуцлага оногдуулахыг дараах байдлаар тусгаж өгсөн байдаг.
Жич: Нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
- Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.