
Парис хот 500 гудамжийг зөвхөн явган хүнд зориулсан гудамж болгоно
Өнгөрсөн ням гарагт Парис хотын оршин суугчид автомашины хэрэглээг бууруулж, агаарын чанарыг сайжруулах зорилгоор Парис хотын 500 гудамжийг зөвхөн явган хүнд зориулсан гудамж болгох тухай бүх нийтийн санал асуулгад оролцжээ. Саналаа өгсөн нийт иргэдийн 65.96 хувь нь тус санаачлагыг дэмжсэн бол 34.04 хувь нь эсэргүцсэн байна.
Энэ удаагийн бүх нийтийн санал асуулга Парис хотын захиргааны зүгээс сүүлийн жилүүдэд явуулсан 3 дахь санал асуулга болоод байна. 2023 онд Парис хот бүх нийтийн санал асуулгаар түрээсийн цахилгаан скүүтерийг хориглосон бол 2024 онд том оврын жийп автомашинуудын зогсоолын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлэхээр болсон билээ.
500 гудамжийг автомашингүй гудамж болгохын тулд Парис хот 10 мянга гаруй машины зогсоолыг явган хүний зам талбай болгохоор төлөвлөжээ.
Парис хот 2020 оноос хойш 10 мянган машины зогсоолыг явган хүнд зориулсан хэсэг болгон засаад байгаа аж. Парис хотын даргаар Социалист намын гишүүн Анн Идальго сонгогдсоноос хойш Парис хотын автомашины түгжрэл 50 хувиар буурчээ. Ингэснээр нэмж 500 гудамжийг автомашингүй болгосноор Парисын бүх гудамжнуудын 1/10 нь буюу 700 орчим гудамж зөвхөн явган хүнд зориулсан гудамж болох аж. Парис хотын зүгээс автомашины хөдөлгөөнийг бууруулах, агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авсаар байгаа ч Европын бусад нийслэл хотуудтай харьцуулахад ногоон байгууламж дутагдалтайд тооцогддог аж.
Цэцэрлэгт хүрээлэн, нуур, цөөрөм, зүлэг ногоо зэрэг нь Парис хотын зөвхөн 26 хувийг эзэлдэг бол Европын бусад хотуудад дунджаар 41 хувийг эзэлж байна.