
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын 24 хүнд холбогдох “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр 17 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар улсын яллагч нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчдээс асуулт асууж, хариулт авч байна.
Он дамнан хойшилсоор ирсэн тус шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Нэг бүр нь 339 сая 646 мянга 535 төгрөгийн үнэтэй BS 106 гэсэн автобусыг шаардлага хангасан эсэхийг шалгаж, төрийг төлөөлж автобус худалдан авах уу, авахгүй юу гэдгийг шийдэх нь Нийслэлийн алба хаагчдын мэдэл байсан юм.
Гэвч хөдөлгүүрийн зөрүүтэй, техникийн шаардлага хангаагүй автобусыг төрийн мөнгөөр худалдан авч, акт үйлдсэн байдаг. Ж.Сүхбаатар, С.Жавхлантбаатар нараас гадна ажлын хэсгийн гишүүд анхаарал татдаг. Тэд шүүх дээр өгч буй мэдүүлэгтээ “Бид юун дээр гарын үсэг зурж байгаагаа огт мэдээгүй” гэж дурдсан нь анхаарал татсан билээ.
Мөн энэ долоо хоногийн хуралдаанаар улсын яллагчийн танилцуулсан мэдээлэлд “Тэнүүн огоо” ХХК-д давуу эрх олгож тендерт шалгаруулсан нь ил болоод байна.