
Туркийн Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсантай холбоотойгоор Туркийн томоохон хотуудад 4 дэх өдрөө дараалан эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөөр байна.
Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хүчтэй өрсөлдөгч гэгддэг Э. Имамоглуг өнгөрсөн лхагва гарагт баривчилсан ба өнгөрсөн бямба гарагт прокурорууд шүүхээс түүнийг авлига болон алан хядах бүлэглэлүүдтэй хамтран ажилласан хэргээр албан ёсоор цагдан хорихыг хүссэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Э. Имамоглугийн сөрөг хүчний Бүгд найрамдах Ардын нам нь энхийг бусниулж, ард иргэдийг талцуулахыг оролдож байна хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн 4 өдрийн турш Туркийн томоохон хотуудад мянга мянган иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлээд байна. Эрх баригчид жагсаал цуглааныг дарахын тулд Истанбул, Анкара, Измир хотуудад олон хүн нэг дор цугларахыг хориглох шийдвэр гаргасан ч иргэдийн эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.
Өнгөрсөн пүрэв гарагт цагдаа нар болон жагсагчид хооронд мөргөлдөөн үүсэж, цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, перецийн цацлага, даралттай ус шүршигч зэргийг ашиглажээ.
Баасан гарагийн шөнө цагдаа нар Турк даяар 343 хүнийг баривчилжээ.
Э. Имамоглу нь энэ ням гарагт Бүгд Найрамдах Ардын намаас 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарлагдах байсан ч түүнийг өнгөрсөн лхагва гарагт 100 гаруй хүний хамт баривчилсан юм.
Түүнчлэн Э. Имамоглуг баривчлахаас нэг хоногийн өмнө Истанбулын их сургууль Э. Имамоглугийн дипломыг хүчингүй болгосон нь олны анхаарлыг татсан юм. Туркийн үндсэн хуулинд тус улсын ерөнхийлөгч болох хүн дээд боловсролтой байх ёстой гэж заасан байдаг аж.
Режеп Тайип Эрдоганы хувьд сүүлийн 22 жилийн турш Туркийн Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн албыг хашсан ба үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаас нааш Эрдоган ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болоод байгаа юм.
Истанбулд болсон жагсаалд оролцсон Бүгд найрамдах Ардын намын тэргүүн Озгюрь Озель Э. Имамоглугийн баривчилгаа нь улс төрийн сэдэлтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлж, жагсагчдад хандан, “Энэ бол Бүгд найрамдах Ардын намын жагсаал биш ээ, энд хотын дарга Э. Имамоглуг дэмжиж, ардчиллын төлөө тэмцэхээр бүх намын төлөөллүүд цугласан байна.” хэмээн мэдэгджээ.