
Монголын хөгжмийн ертөнцийн шилдэг хамтлагийн нэг “Камертон” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж, “Камертон-30” тоглолтоо зургаадугаар сарын 28-нд “Socialpay рark”-т хийх гэж буй. Тэгвэл тус тоглолтын эртэч шувуу тасалбар борлуулагдаж эхэлжээ. Тасалбарыг eticket.mn-ээс худалдан авах боломжтой аж.
Сонирхуулахад, Болд, Мэнд-Амар нар ангийнхаа охидтой тусдаа хамтлагтай байсан бөгөөд Ган-Эрдэнэ, Эрдэнэбат нарыг бүрэлдэхүүндээ элсүүлж дан эрэгтэй гишүүдээс бүрдсэн шинэ хамтлаг байгуулж байжээ.
Тэдний анхны хит дуу “18 нас” 1995 оны намар олны хүртээл болсон бөгөөд уг дууг тухайн үед Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун Л.Тайванбатад өгч Камертон энэ дууг өөрсдийн хэв маягаар дуулснаар Л.Тайванбатын удирдлаган дахь Камертоны анхны уран бүтээл төрсөн юм.
1996 онд Камертон хамтлаг анхны бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд 2 өдөр дараалан тоглосон ба хамтлагийн анхны цомогт орох дуунуудыг дуулсан юм. Ихэнх нь хамтлагийн гишүүд өөрсдөө бичсэн дуунууд байжээ.
Ийнхүү дебют цомог болох “18 нас”-ыг бичүүлж Германд хэвлүүлэн гаргасан юм. Цомгийн борлуулалт өндөр байсан ба Хар Сарнай хамтлагийн “Бүтээнэ Сөнөөнө”, дуучин Сарантуяагийн “Аргагүй Амраг” цомгуудтай өрсөлдөж 1996 оны шилдэг цомгуудын нэг болж байжээ.