
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярилцжээ.
Хоёр орны төрийн тэргүүнүүдийн яриа нэг цаг орчим үргэлжилсэн ба Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай өнгөрсөн мягмар гарагт хийсэн хэлэлцээн дээр үндэслэн В. Зеленскийтэй ОХУ болон Украины тавих нөхцөл шаардлагуудыг зөвшилцжээ.
Ерөнхийлөгч Д. Трампын В. Путинтай утсаар хийсэн хэлэлцээний үр дүнд В. Путин Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт үзүүлэх явдлаа 30 хоног зогсоохыг зөвшөөрсөн ба В. Путин барууны орнууд Киевт зэр зэвсгийн тусламж үзүүлж, тагнуулын мэдээлэл хуваалцахаа зогсоосон тохиолдолд дайныг дуусгаж, энхийг тогтоох талаар ярьж болно гэдгийг онцолсон юм.
Украины Ерөнхийлөгч В. Зеленскийтэй ярилцах үеэрээ Д. Трамп Украины Атомын цахилгаан станцуудыг АНУ-ын эзэмшилд шилжүүлэх нь Киевийн хувьд аюулгүй байдлын баталгаа болж өгнө хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр В. Зеленскийтэй Украины цахилгаан эрчим хүчний хангамж, атомын цахилгаан станцуудын тухай ярилцсан ба ингэхдээ АНУ нь цахилгаан эрчим хүч болон нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт туршлага ихтэй болохыг онцолж, Украины атомын цахилгаан станцуудыг АНУ-ын эзэмшилд шилжүүлэх нь Украины эрчим хүчний дэд бүтцүүдийн хувьд аюулгүй байдлын хамгийн сайн баталгаа болж өгнө гэжээ.
Цагаан ордны мэдээлсэнээр Украины Ерөнхийлөгч В. Зеленский Д. Трампаас Киевт агаарын довтолгооноос хамгаалах Patriot пуужингийн систем нийлүүлэхийг хүссэн ба Д. Трамп уг асуудал дээр Киевтэй хамтран ажиллаж, Европын орнуудтай энэ талаар ярилцахаа амлажээ.
Түүнчлэн Д. Трамп болон В. Зеленский нар ОХУ-ын Курск дахь нөхцөл байдлыг хэлэлцэж, хоёр орны зэвсэгт хүчний штабууд хооронд мэдээлэл солилцож, нягт холбоотой ажиллахаар тохирсон ба Ерөнхийлөгч Д. Трамп ОХУ руу гаргасан украин хүүхдүүдийг эх оронд нь буцаах тал дээр Москва, Киев хоёртой хамтран ажиллахаа амласан байна.
Цагаан ордны мэдээлснээр АНУ болон Украины төрийн тэргүүнүүд ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлэхээ зогсоосон явдал нь дайныг дуусгаж, аюулгүй байдлыг тогтоох эхний алхам байж болзошгүй гэдэг дээр санал нийлжээ.