
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой мэдээллээ. Энэ үеэрээ Ноорог.мн сайтын зургаан ажилтны дансаар эргэлдсэн 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээг шалгаж байгаа тухай хэлэв. Харин Ноорог.мн сайтын гүйцэтгэх захирал О.Уламсайхан сайдын мэдэгдлийг “няцааж”, цахим сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр, “9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэж Хууль зүйн сайд ярихыг анх удаа, өчигдөр л сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS-ээс санхүүжилт авдаг байсан бол ажилтнуудынхаа цалинг хугацаанд нь тавчихгүй юу.
Ямартай ч амиа хорлох гээд манайд гомдол гаргасан “Тогосоо Тижи” гэх хаяг жинхнээсээ Тролл байсан шүү” гэжээ.
Харин Хууль зүйн сайд О.Алтангэрэл ярихдаа, “Өөрсдийн эрхээ хамгаалахын төлөө тэмцэж, дуу хоолойгоо өргөж байгаа залуусыг хүндэтгэж байна. Гэхдээ үнэн ганц байдаг. Өнөөдөр цагдаагийн байгууллагад гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Хуульд заасан журмынх нь дагуу үйл ажиллагаа явуулсных нь төлөө бүх зүйл хууль ёсны байхад буруутгаж болохгүй. Буруутгал нь улс төрийн буруутгал байх шаардлагатай бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан албан хаагчид руу биш над руу дайр. Хувь хүний нууцлалтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Гэхдээ энд өгсөн мэдээлэл, үг цэг таслал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ.
Цагдаагийн байгууллагаас бидний авсан мэдээллээр нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ шалгагдаж байгаа. Зургаан этгээдийн дансаар эргэлдсэн гэсэн үг. Мөн 2024 оны есдүгээр сараас бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэргээр шалгагдаж байгаа хүн ч бий. Шалгагдаж байгаа хүмүүс дунд шүү. Энэ нь хохирогч байна гэсэн үг” гэв.