
Өвөр Монголын Өөртөө Засах орны төв Хөх хотын удирдлагууд хүн амын хямралтай тэмцэж, төрөлтийн тоог нэмэгдүүлэхийг тулд энэ сараас эхлэн шинээр төрсөн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж, ээж нарт нь өдөр бүр нэг аяга шинэ сүү олгохоор болжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын орон нутгийн 20 гаруй засаг захиргаа залуусыг гэрлэж, хүүхдүүдтэй болохыг уриалах зорилгоор шинээр төрсөн хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ.
2024 онд БНХАУ-ын хүн ам 3 дахь жилээ дараалан буурсан явдалтай зэрэгцэн гэрлэлтийн тоо өмнөх жилийнхээсээ 20 хувиар буурсан нь тус улсын түүхэнд гэрлэлтийн тоо буурсан хамгийн өндөр үзүүлэлт юм. 1980-2015 онд хэрэгжүүлж ирсэн нэг хүүхдийн бодлого, амьдралын өртөг өндөр зэргээс болж БНХАУ нь хүн амын ноцтой хямралтай тулаад байгаа билээ. 2021 онд Бээжин гэр бүлүүдэд 3 хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм.
Энэ сарын эхээр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлаар Ерөнхий сайд Ли Чян төрөлтийн тоог нэмэгдүүлэхийн тулд хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж олгож, сургуулийн өмнөх боловсролыг үнэгүй болгохоо зарласан юм. Өнгөрсөн ням гарагт Бээжин орон нутгийн засаг захиргаануудад хүүхдийн тэтгэмжийн тогтолцоог судалж, боловсруулахыг үүрэг болгосон аж.
Үүнтэй холбоотойгоор Хөх хот шинээр төрсөн эхний хүүхдэд нэг удаадаа 10 мянган юанийн тэтгэмж, хоёр дахь хүүхдэд 5 нас хүртэл нь сар бүр 10 мянган юань, 3 дахь хүүхдэд 10 нас хүртэл 10 мянган юанийн тэтгэмж тус бүр олгохоор болжээ. Түүнээс гадна Хөх хотын удирдлагууд энэ сарын 1-нээс хойш амаржсан ээжүүдэд өдөр бүр нэг аяга сүү олгож, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Yili бодон China Mengniu Dairy компанийн 3000 юанийн цахим ваучер өгөхөөр болжээ.