
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүжүүлдэг Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагийн (USAGM) татан буулгах тогтоолд гарын үсэг зурснаар “Voice of America” (VOA) мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.
Ерөнхийлөгч Д. Трампын хувьд “Америкийн дуу хоолой” байгууллагыг хэт нэг талыг барьсан мэдээ мэдээлэл цацдаг хэмээн буруушааж байсан ба Цагаан ордноос Ерөнхийлөгч Д. Трампын гаргасан тогтоолын дагуу татвар төлөгчдийн мөнгө хэт нэг талыг барьсан суртал ухуулгад зарцуулагдах явдал зогсоно хэмээн мэдэгджээ. VOA нь дэлхийн 2-р дайны үед нацистууд болон япончуудын суртал ухуулгатай тэмцэж, иргэдэд үнэн бодитой мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор цацагдаж эхэлсэн радио нэвтрүүлэг бөгөөд тус радио станц нь дэлхий даяар олон зуун сая сонсогчидтой билээ. VOA байгууллагын захирал Майк Абрамовитцийн мэдэгдсэнээр тус байгууллагад ажилладаг 1300 ажилчдад тодорхойгүй хугацаагаар цалинтай чөлөө олгожээ.
1976 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Форд “Америкийн дуу хоолой”-н дүрмийг хуульчлан баталсан нь уг байгууллагын биеэ даасан, нэгдмэл байдлыг баталгаажуулсан юм. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд VOA байгууллагын үйл ажиллагааг зогсоож буйг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага Ерөнхийлөгч Д. Трампын шийдвэр “дэлхийн хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж, АНУ-ын мэдээллийн чөлөөт урсгалын төлөөх 80 жилийн хичээл зүтгэлийг үгүй хийж байна” хэмээн онцолжээ. Олон улсын хэвлэл мэдээллийн агентлаг нь “Америкийн дуу хоолой”-гоос гадна тухайн үедээ коммунизмын суртал ухуулгатай тэмцэхээр байгуулагдсан “Radio Free Europe/Radio Liberty”, “Radio Free Asia” зэрэг радио станцуудыг санхүүжүүлдэг байжээ. Ерөнхийлөгч Д. Трамп VOA станцаас гадна CNN, MSNBC зэрэг мэдээллийн агентлагуудыг өөрийнх нь эсрэг мэдээ мэдээлэл цацдаг, “бохир” мэдээллийн хэрэгслүүд хэмээн буруушааж байсан бол түүний ойрын зөвлөхүүдийн нэг Илон Маск хүртэл X нийгмийн сүлжээгээрээ VOA-г хаахыг уриалж байсан билээ. Д. Трампын хувьд Олон улсын хэвлэл мэдээллийн агентлагаас гадна орон гэргүй иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг, музей болон номын сангуудыг санхүүжүүлдэг төрийн агентлагуудын санхүүжилтийг танаад байгаа аж.