
Хойд Македон улсын Кочани хотод байрлах шөнийн клубт гал гарсны улмаас багадаа 59 хүн амь үрэгдэж, 155 гаруй хүн гэмтжээ.
Гал гарах үед Кочани хотын “Pulse” шөнийн клубт DNK хип хоп хамтлагийн тоглолтыг үзэхээр 1500 орчим хүн цугласан байжээ. Хойд Македонийн Дотоод хэргийн сайд Панче Тошковскийн мэдэгдсэнээр тоглолтын үеэр ажилласан тайзны салют тус шөнийн клубын шатамхай материалаар хийгдсэн таазанд хүрсэнээс болж гал гарчээ. Тухайн үед клуб дотор байсан иргэдийн хийсэн бичлэгнүүдээс клубын тааз шатаж эхлэх үед хүмүүс клубээс хурдан гарахын оронд галыг галын хороор унтраахыг хүлээж зогсож байгааг харж болох юм. Дотоод хэргийн сайд П. Тошковскийн мэдэгдсэнээр уг хэрэгтэй холбоотойгоор “Pulse” клубын эзнийг баривчлаад байгаа ба Хууль зүйн сайд Игор Филков буруутай этгээдүүдэд бүгдэд нь хариуцлага тооцно хэмээн мэдэгджээ.
Хойд Македонийн Эрүү мэндийн сайд Арбен Тараваригийн мэдээлсэнээр ослын улмаас 118 хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдгээрээс ноцтой түлэгдэлттэй 27 гаруй хүнийг нийслэл Скопье хотын төв эмнэлэгт эмчилж байгаа гэжээ. Түүнээс гадна амиа алдсан болон түлэгдсэн иргэдийн дотор хүүхдүүд байгаа аж. Кочани хотын шөнийн клубт гарсан гал сүүлийн 10 жилд шөнийн клубт гарсан ослуудаас хамгийн том нь болж байгаа юм. Өмнө нь 2013 онд Бразилийн Санта Мария хотын шөнийн клубт гарсан галын улмаас 240 гаруй хүн амь үрэгдсэн бол 2015 онд Румыний Бухарест хотын шөнийн клубт гарсан галын улмаас 64 хүн амь үрэгдсэн ба дээрх хоёр осол хоёулаа мөн адил тайзны салютаас болж гарчээ.