
Өрөг.мн сайт “Цайны цаг” булангаараа Хоол зүйч С.Хулангаагаас зөвлөгөө авлаа.
-ЕБС-ийн сурагчид өглөөний цайгаа уухгүй хичээлдээ явах нь бий. Энэ нь хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлөх үү?
-Өглөөний цайндаа хоол иддэг, боов талх иддэг, өглөөний цайгаа огт уудаггүй хүүхдүүдийн дунд сурлагын амжилтаар нь судалгаа хийгээд үзэхэд өглөөний цайндаа хоол иддэг хүүхдүүд илүү онц сурч байна. Хоол буюу халуун хоол, махтай хоол иддэг хүүхдүүд гэсэн үг шүү.
Бид гэр бүлээрээ яг хэзээ нь хамт байх юм. Зөвхөн хагас, бүтэн сайнд юм уу, эсвэл орой зөвхөн унтахдаа юм уу гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй. Өглөөний цайгаа гэр бүлээрээ тойрч суугаад иднэ гэдэг хүүхдэд их чухал. Өглөө гэр бүлээрээ тойрч суугаад халуун хоол иддэг хүүхэд анги дотроо, нийгэм дунд ч тэр эзлэх байр суурь нь өндөр, өөртөө илүү итгэлтэй болж байна.
Тэгэхээр өглөө 30 минутыг өөртөө, гэр бүлдээ, хүүхдүүддээ гаргаач ээ гэж эцэг, эхчүүдэд зөвлөдөг. Хүмүүс яаж вэ, боломжтой юм уу гэж их асуудаг. Би бол ээжүүдэд, хоол хийж байгаа хүмүүст юу гэж зөвлөдөг вэ гэхээр орой хоол битгий хий. Өглөө хоолоо хий. Өглөө босоод 30 минутад болдог хоол бэлдээд сурчих гэдэг. Хамт суугаад өглөөнийхөө хоолыг хамтдаа идчих. Энэ бол танай гэр бүлийн хамгийн нандин цаг шүү.