
Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч байж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж, сэтгэл хангалуун амьдарна гэдгийг амьдралаараа туулж ойлгосон Б.Уранзаяатай бид ярилцлаа. Тэр одоо ээж, хоёр дүүгийнхээ түшиг тулгуур болж, өөд болсон аавынхаа орон зайг дүүргэхээр хичээн амьдарч байна.
-Ярилцах санал хүлээн авсанд баярлалаа. Согтуу жолоочийн үйлдлээс болж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон талаар нь уншигчид мэдэж байгаа. Яг юу болсон юм бэ?
-Манайх ам бүл тавуулаа байсан, одоо бол дөрвүүлээ. Аав маань бурхан болсон. Би төрөхдөө бол бүтэн төрсөн л дөө. Мөч бүрэн төрсөн боловч амьдралын явцад, нэг гараа тайруулж, биеэрээ сорвитой болсон. Тэгэхэд би зургаан настай байлаа. Гэртээ ээж, дүү, өвөө дөрвүүлээ байсан юм. Тэр үед би өвөөтэйгөө баруун талын орон дээр унтаж байсан. Зуухны амтай талын ор гэсэн үг. Манай хашааг согтуу жолооч дайраад, гэрийн зуух мөргөөд л зогссон. Нурам нь асгараад би орноосоо доргилтод нь унасан. Уг нь би жаахан байхдаа маш сэргэлэн охин байсан. Зургаан нас хүртлээ шүү дээ. Яг түлэгдсэнээсээ хойш, маш хэцүү байсан л даа. Хүмүүсийн харц, над руу чичилж миний гарыг заагаад ярьж байгаа нь аймар. Арван жилд байхад, биеийн тамирын хичээл маш хэцүү байсан. Сагс, гар бөмбөг тоглож болохгүй. Яах вэ болох л байсан байх л даа. Би л өөрийгөө хойш татаад байна шүү дээ.
-Бусад хүмүүс санаандгүй хэлсэн үгээрээ хэн нэгнийг гомдоосон, унтраасан байдаг шүү дээ. Таныг унтрааж байсан үгийг хэн нэгэн хэлж байв уу?
-Чи гаргүй юм чинь чадахгүй шүү дээ гэдэг үг аймар. Би дугуй унаж сурах гээд их хичээсэн. Мэдээж энэ гараараа барьж болохгүй шүү дээ. Гэхдээ чадах юм шиг санагдаад байсан. Сурах гээд л оролдож байсан чинь манай хажуу айлын ах ирээд, чи гаргүй юм чинь чадахгүй, хэчнээн оролдсон ч чи чадахгүй гэж хэлсэн. Би тэр өдөржин хичээж байгаад унаж сурсан л даа. Иймэрхүү үг их хүнд тусдаг ч бууж өгч байгаагүй ээ.
-Цаг ямагт л бусдын эвгүй хандлагыг мэдэрч, анзаарах байх. Одоо хэр сэтгэлийн хаттай хүлээж авдаг вэ?
-Одоо тийм үгийг хүндээр хүлээж авахгүй. Яагаад гэвэл би өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Бусад хүмүүс намайг юу гэж бодох нь чухал биш. Намайг чадахгүй гэж бодож л байг. Гэхдээ би чадаж харуулна гэж боддог. Намайг манай гэрийнхэн түлэгдэлттэй учраас, гараа тайруулсан учраас гэрийн ажил хийлгэдэггүй байсан юм. Яг наймдугаар анги хүртлээ тэгж явсан. Есдүгээр ангид ороод би коллеж руу шилжээд, гэрийнхэндээ хэлэхгүйгээр дотуур байранд орсон. Тэгэхэд, “Ээж ээ намайг битгий эргэж ирээрэй” гээд л хэлж байлаа.
-Нялхрахгүй гээд үү?
-Тийм ээ. Ээжийгээ харахаар нялхарна шүү дээ. Гэхдээ манай ээж маш зоригтой, хатуу хүн л дээ. Манай ээж намайг босгож байлаа шүү дээ. Би хэвтэрт орж байсан юм. Миний хоёр талд халуун сэнс үлээлгээд л босгосон, Уг нь тэр үед тэнхэрсэн байсан ч нялхраад л хэвтээд байсан юм шиг. Ээж тэгээд л хоёр талд халуун сэнс үлээлгэнгүүтээ, “За, миний охин энэ дундуур алхаад гараад ир, үгүй бол чи түлэгдэнэ” гээд л хэлсэн. Тэгж алхаж гараад, тэрнээс хойш толгойгоо даахгүй гэх зэрэг асуудалгүй болсон. Дахиж огт хэвтээгүй.
-Гадаад үзэмж амьдралд тийм ч чухал биш. Хүн толинд хараад л, би тарган, би царай муутай болохоор намайг ажилд авах газар байхгүй гэдэг ч юм уу янз бүрийн л зүйл мэдэрдэг. Үнэндээ энэ ямар ч хэрэггүй. Толинд өөрийнхөө сорвийг харж чадахгүй ичдэг үе надад байсан шүү дээ. Өөрийгөө эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгж байж бусад хүн чамайг хүлээн зөвшөөрнө.
-Мэдээж хүн ганцхан өөрийнхөө төлөө хичээгээд ийм их итгэл, хүчийг олж авдаггүй байх. Өөр хэн нэгнийг хайрлаж, бусдын төлөө зүрх нь цохилсны дараа энэ хүч бий болдог болов уу?
-Мэдээж манай гэр бүл ард байгаа. Би хоёр эмэгтэй дүүтэй, ээжтэйгээ хамт амьдардаг, айлын том охин. Аав маань байхгүй болчихлоо, ээжийгээ тулах хүн нь би. Хоёр дүүгээ тулах хүн нь би.
Манай аав бурхан болохоосоо өмнө, заавал таван ханатай гэр барьж өгнө гээд л, барьж өгсөн юм. Аав минь бурхан болсноос хойш 3-4 жилийн дараа, гэрийнхэн маань амралтаа хөдөө байх хооронд манай гэр шатсан. Тэгээд манайх байр түрээсэлж амьдардаг болсон. Бодохоор аймар санагддаг учраас ерөөсөө ярьдаггүй. Одоо ч түрээсийн байранд амьдардаг. Тийм болохоор ээж, хоёр дүүдээ байр авч өгнө гэж зорьдог. Ээжийнхээ хажууд аавыгаа орлохыг хүсдэг. Аав минь намайг их сургуульд орохоор дагаад явна гэж ярьдаг байлаа. Би хоёр дүүгээ их сургуульд ороход нь хамт байна гэж боддог. Би жаахан ганцаарддаг байсан. Айлын том учраас. Ээжтэйгээ ярилцвал ачаа болох юм шиг санагдаад, хоёр дүүтэйгээ ярилцах юм бол арай л жаахан. Хоёр дүүгийнхээ сайн зөвлөгч байхыг хүсдэг. Надад тийм хүн их дутагддаг байсан.