
Өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат оролцлоо. Бид шинэ УИХ-ын гишүүдийг хэрхэн сургаж, хууль тогтоогч болгодог талаар болон, хурлаа тасалдаг, хоцордог гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг зохицуулалттай тухай ярилцсан юм. Мөн битүү шөлний уриалгаар олны анхаарлыг татаад байсан тэр тайлбар хэллээ.
-Хуралдаа суугаагүй УИХ-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Үндсэн хууль болоод УИХ-ын тухай хуульд, хурлаа тасалсан ирцтэй холбоотой хариуцлагын зохицуулалт байдаггүй. Энэ чиглэлээр судалгаанууд хийгдсэн байдаг. Дийлэнх орнуудад парламентын гишүүдийн хуралдаа сууж байгаатай нь холбоотой хариуцлага тооцдог орнууд цөөхөн. Ихэвчлэн сонгосон иргэд нь тухайн хүнээ үнэлж, дүгнэж, буцаад хариуцлага тооцох замаар явах нь их юм билээ. Сонгогчдын сонголтод итгэнэ гэдэг нь илүү голлох үнэ цэн байдаг юм байна.
УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын ирцтэй холбоотой асуудлыг бүртгэнэ. Ингээд УИХ-ын даргын зүгээс ирцийг өдөр бүр нэгтгэлээр мэдээлэх бодлогыг баримталж байгаа учраас бид УИХ-ын бүх төрлийн эх сурвалжаар дамжуулан хүмүүсийн ирц ямар байгаа талаар бүрэн мэдээлэл өгч байгаа. Өмнөхөөсөө ялгаатай нь энэ удаагийн парламент ирцийн мэдээллийг маш сайн өгч байгаа.
ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ БИТҮҮ ШӨЛӨӨР ДАМЖУУЛЖ ТҮГЭЭХ ГЭСЭН ЮМ
-Баяраар битүү шөл идэхийг заах нь УИХ-ын Тамгын газрын ажил мөн үү?
-Заах гэхээсээ илүү уриалга. Хэн ч заагаагүй хэрнэ бид цагаан сараар бууз иддэг. Яг үүн шиг энэ ажил маань соёл тогтоосон ажил болоосой гэсэн оролдлого.
Төрийн ёслолын нэлээн том журам бий. Үндсэн хуультай холбоотой ойн өдрүүдэд парламент илүү ач холбогдол өгч тэмдэглэдэг. 2024 оны 11 дүгээр сарын 26 бол монголчууд үндсэн хуультай болсны 100 жилийн ой. Энэ ойг бид хэрхэн тэмдэглэх вэ, монголчууд үүнийг юу гэж ойлгодог гээд судлахаар хүмүүс айхтар сайн мэддэггүй юм билээ. Тиймээс ач холбогдлыг нь битүү шөлөөр дамжуулж таниулах гэсэн арга. Аливаа баяр үндэсний хоолтойгоо холбогдож, хоолны соёлтой уягдвал илүү утга учиртай.
Нэгдүгээрт, хүйтний улиралд эрүүл мэнд талаасаа ач холбогдолтой. Хоёрдугаарт үйл явдалтайгаа л хоолоо холбож байгаа юм. Нэгэнт ингэж санаа гаргасан бол хүргэх ёстой. Олон нийт үүнийг мэдэж байж л тэр баяр өөрөө логиктой болно. Ирэх жил хүмүүс битүү шөлөө уух байх аа.
-УИХ-ын гишүүдийг яаж хууль тогтоогч болгодог вэ?
-Шинэ гишүүдийн хувьд шийдвэр гаргадаг, саналаа хураадаг гэх мэтийн шинэ системтэй танилцдаг. Үеийн үед л шинэ гишүүд эхний хэдэн чуулгадаа оролцоод ойлголттой болдог байх. Хурдан ч дасдаг. Энэ горимоороо л явж байна. Энэ удаагийн парламент дөнгөж байгуулагдаад л таван удаагийн төсөв хэлэлцлээ шүү дээ. Тэгэхээр дөрвөн жилдээ хийдэг төсвийн холбогдолтой бүх асуудлаа эхний жилдээ хийчхэж байгаа юм. Илүү хурдан суралцаж байгаа парламент гэж болно.
-Та дараагийн сонгуульд бэлдээд Эрдэнэтийн тойргоо тойглоод байна уу?
-Зорилго нь эхлээд чухал. Би Эрдэнэтэд төрсөн. Сүүлийн 10 жилийн хугацаанд, ямар ч ажил эрхэлсэн Эрдэнэттэй холбогдоод байна. Сүүлийн үед Хойд бүсийн хөгжлийн төв, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ нийлээд том агуулга дээр нэгдэж байна. Цаашид Эрдэнэт хотын хөгжлийн зураглал нь юу байх вэ гэдгийг гаргаад, илүү төвлөрч ажиллаж байна. Ямар ч байсан 1921 оноос хойш босгосон гурван том хотын нэг нь Эрдэнэт. Энэ хотын нөөц цаашид ямар байх талаар санаа зовж, судалж байна. Үүнийг олон нийтэд хүргэхгүй бол, Эрдэнэтийн асуудал нэлээн комплекс болчхоод байгаа юм. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой үйлдвэр технологийн парк баригдах ёстой, зэс хайлуулах үйлдвэр нь явагдах ёстой, энд байгаа технологийн сургуулийг өргөтгөх, хаягдлын далан барих зэрэг том ажлууд нь үндэсний хэмжээний төсөл болчхож байгаа юм. Тэгэхээр бүх шийдвэр гаргагчид, олон нийт үүнийг мэдэж байж, энэ төсөл урагшаа явна.