
Эдийн засаг сайжирлаа, таван хувиар өслөө гэх мэдээллийг эрх баригчид ам уралдан ярьж байсан нь саяхан. Салбарын сайд нь хүртэл 2024 онд эдийн засгийн өсөлт айл өрхөд мэдэгдэнэ гэж “попорч” байв. Гэтэл бодит байдал дээр иргэд, бизнес эрхлэгчид тартагтаа тулж, туйлдахад хүрлээ.
Бид үнэ тариф, татварын өсөлт бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж буй талаар бизнес эрхлэгч Г.Анхбаяраас тодрууллаа.
ТӨРӨӨС ТАЛХНЫ МӨНГӨ ГУЙЖ ГОНШИГНООГҮЙ
Тэрээр, “Би яагаад зүтгээд байхад болохгүй байгаа юм бэ, бид нар шиг амьдраад үзээч ээ гэж хэлмээр байна. Эрх баригчид өөрсдийнхөө хэрэглээг танахгүй байна. Тэдний эрх ямбыг хангаж, эдлүүлж хэрэглүүлэхийн төлөө бид өөрсдийнхөө бүсийг чангалах ёстой юм байх даа.
Хэдэн мянган долларын цаг, бугуйвч, зүүлт зүүсэн хүмүүс бидний амьдралыг ойлгохгүй. Адилхан бүсээ чангалъя л даа. Хоногт нэг талхаар амьдраад үз л дээ. Сүүлийн 7-8 жил гадагшаа гаръя л гэж бодсон боловч, сэтгэлийн угт монголдоо сайхан амьдрах л хүсэл байна. Тэмцээд даваад гаръя гэж зүтгээд л энд байна шүү дээ. Заримдаа энд яг юу хийгээд байгаа юм бэ гэж бодогддог. Би онлайнаар бизнес хийгээд хоёр жил болж байгаа. Миний хувьд 2-15 насны таван хүүхэдтэй. Хүүхдүүдээ сайхан амьдруулъя гээд орон нутгаас ирсэн. Гэтэл татвар татаасны дарамт дийлдэхээ болиод байна. Тогны мөнгө 90 мянга гардаг байсан бол 250 мянган төгрөг болох жишээний. Дулааны мөнгө 200 гаруй мянга байсан бол 400-500 мянган төгрөг болох жишээний. Дахиад 85 хувиар нэмнэ гэж байгаа. Энэ л хүндрэлтэй байна. Зүгээр тайван амьдрах нөхцөлийг бидэнд өгөхгүй байгаад л бухимдаад байна. Түүнээс биш төрөөс талхны мөнгө гуйж гоншигноогүй. Худалдан авалт муудсан байдлаар иргэдийн амьдрал ямар байгаа нь харагдаж байна. 20 мянган төгрөгөөр бараа авахын оронд талхаа авъя гэж хүмүүс гарч байна. Шулуухандаа би хүүхдүүдээ сайхан амьдруулъя гэж бизнесээ эхлүүлсэн боловч, одоо эсрэгээрээ хүнсээ танаж байна. Талхаа л идье гэдэг боллоо” гэв.
Харин иргэд амьжиргааны түвшин доройтсон талаараа ингэж ярив.
- Дөрөвхөн ширхэг чинжүү, өргөст хэмх, майонез гээд хоёрхон жижиг тортой зүйл авахад л 30 мянган төгрөг болж байна. Амьдрал улам дордоод байна шүү дээ. 300 мянган төгрөгт сар идэх махаа авдаг байсан бол тэгж авч чадахаа байсан.
- Өөрсдийнх нь амьдрал л сайжирч байгаа болохоор, ард түмний амьдрал сайжирч байна гэж бодоод байх шиг байна. Бодит байдал дээр ард түмний амьдрал үгээгүй доройтож байна.
- Барааны үнэ нэмэгдсэн болохоор хүмүүсийн амьдрал доошоо л яваад байна. Бэлэн ам л яриад байгаа болохоос биш амьдрал дээр тийм зүйл байхгүй.
Тэгвэл үнэ тарифын өсөлт, татварын нэмэгдлийн талаар эдийн засагч А.Батпүрэв дараах байр суурийг илэрхийлэв.
ТӨСВИЙН ТЭЛЭЛТЭЭС ДУНДАЖ ДАВХАРГА ОГТ ХОЖООГҮЙ
Тэрээр, “Эдийн засгийн өсөлт монголын нөхцөлд хүртээмжтэй биш байна. Хүртээмжтэй байдал гэдэг бол цаг хугацааны явцад, эхлээд макро эдийн засаг нь өсчхөөд, жаахан байж байгаад ард түмний амьдралд нөлөөлдөг гэдэг ойлголт байхгүй. Төр буюу төсөв рүү энэ мөнгө орж ирчхээд, буцаад, эдийн засаг, айл өрхөд оновчтой хуваарилагдаж чадахгүй байна. Манайхан төсвөөр дамжуулж бүх асуудлыг улс шийдэх гээд байгаа юм шиг арга барилаар хандаж ирсэн.
Сүүлд Дэлхийн банкнаас хийсэн судалгаа байгаа. Төсвийн тэлэлтээс дундаж давхарга эндээс огт хожоогүй байна. Яагаад гэвэл бодит орлого нь өсөөгүй байна. Ядуу буюу доод давхаргын өрхүүдэд энэ нь үр дүнгээ өгсөн юм билээ. Тэднийг тэжээгээд л байсан. Тэгэхдээ хэзээ ч амьдралыг нь дээшлүүлээгүй гэдэг дүгнэлт хийсэн. Монголын эдийн засаг өнөөдрийн бүтцээрээ, өнөөгийн төсөв дагасан бодлогоороо яваад байх юм бол хэдэн ч хувиар эдийн засаг өссөн хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарахгүй” гэ