
Ирээдүйн инженерүүд хүйтэн танхимд куртиктэйгээ хичээллэж, 20-30 жилийн хугацаанд элэгдэж муудсан ширээ сандал, нурсан хана, ажилладаггүй тоног төхөөрөмжүүдтэй зарим ангид суухад хүндрэлтэй байдаг талаараа хэллээ.
Харин сургуулийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн захирал Н.Эрдэнэхүү тайлбарлахдаа, “Асуудал ярьж буй оюутнууд өөрсдөө асуудалтай. Захиалгатайгаар харлуулах гэсэн оролдлого” гэв.
ТӨСӨВГҮЙ, ОРЧНОО САЙЖРУУЛАХ БОЛОМЖГҮЙ ЮМ УУ ГЭХЭЭР ЗАХИРЛУУДЫН ӨРӨӨ ОГТ ӨӨР
Сургуулийн тохижилт менежментийн асуудлыг ШУТИС-ийн оюутан Э.Эрдэнэцэцэг ярихдаа,
“Зүгээр нэг улс төрийн томилгоогоор ирчхээд, нүүдлийн шувуу шиг өөрсдөө идэж, ууж ханаад л явдаг. Ийм дүр зураг сүүлийн 30 жил давтагдсанаас болоод, өнөөдөр энэ асуудлыг ярихаас өөр аргагүй болж байгаа юм. Манай сургуулийн удирдлагууд хөлдүү байна. Аливаа зүйл сайжрах ёстой биз дээ. 20-30 жилийн өмнөх хөгжил дээр гацчихаад, 20-30 жилийн өмнөх сандал ширээн дээр та нар суухад яадаг юм гэж хандаад байж болохгүй. Суухад хүндрэлтэй. Нурууны асуудалтай болох хэмжээний. Ядаж л 00-ын цэвэрлэгээ тохижилтын асуудал байна. Ингээд ярихаар эрүүл байх эрхийг зөрчсөн ажиллагаа явуулж байна. Энэ бол оюутнуудын эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр гэж бид үзээд байгаа юм.
Монголын инженер болж, эх орноо хөгжүүлэх хүмүүс нь энд ирээд сүр сүлдгүй болоод байгаа юм. Түүнээс биш багш нар, хичээлийн хөтөлбөр агуулга сайн байгаа. тохижилтын асуудал ярихаар, ард нь мөнгө байхгүй гэдэг нэг л зовлонгоо ярина шүү дээ. Гэхдээ зөвхөн улсын төсөв хараад суух уу, өөрсдийн нөөц боломж дээрээ менежмент хийгээд цааш хөгжих үү гэдэг нь захирлуудын сэтгэлийн асуудал болоод байна. Манай сургуулийн удирдлагууд залхуу байна. Онцгүй байна. Оюутнууд бидэнд таалагдахгүй байна. Үнэхээр төсөвгүй, орчноо сайжруулах боломжгүй байгаа юм уу гэхээр захирлуудын өрөө огт өөр. Бараг л дэлхийн жишигт нийцсэн өрөөнд сууж байдаг. Бидний төлбөр хувийн цэцэрлэгүүдийн төлбөрөөс ч хямд байгаа л даа. Энэ бол хөндөх асуудал мөн. Шат дараатай төлбөрөө нэмэх асуудал ярихаар, ард нь улс төр байдаг. Үүнийг шийдэхгүй зүгээр л гал унтраах байдлаар цаашдаа яваад байх юм бол, хэдэн улсын их дээд сургууль чинь дампуурлаа” гэлээ.
ӨВӨЛ ДААРААД КУРТИКТЭЙГЭЭ ХИЧЭЭЛЛЭДЭГ
Харин ШУТИС-ийн бусад оюутнууд…
- Оюутнуудаа нэг их боддоггүй ч гэж боддог.
- Сандал нь маш хатуу, дээрээс нь их хүйтэн. Өвөл дандаа куртиктэйгээ суудаг.
- Орчин нөхцөлийн хувьд нэлээн учир дутагдалтай гэлцэв.
ГАНЦ НЭГ “МУУ” ТАНХИМ БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ
Бид асуудалтай холбогдуулан ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний албаны дарга Д.Цогзолмаагаас тодруулахад, “Оюутны ярьсан асуудлыг худлаа гэж хэлэх нь өрөөсгөл байх. Тэр оюутанд ямар нэг байдлаар таагүй зүйл тохиолдсон байх. Гэхдээ ярьсан зүйлийг нь судлаад үзэхээр, оюутнууд маань коридорт сууж байна. Интернэт үйлчилгээ хангалттай байна. Сургуулийн анги танхимын тохижилт үйлчилгээг судалсан. Бичсэн зүйлтэй нь дүйцэхээр анги танхим бол ховор. Ганц нэг байж болно шүү дээ” гэсэн юм.
Намнан гээд улстөрчдийн үүд шагайж, хошного долоодог авилгалч нөхрийг солимоор байна.