
БНФУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр манай улс хоёр байршилд дүүжин тээвэр барих гэж буй. Өчигдөр /2025.03.10/ эхний шугмын газар шорооны буюу шон суурийн ажил эхэллээ.
Эхний шугам нь Яармагаас Хархорин хүртэл 4.2 км уртайгаар баригдах ба техникийн судалгааг нь 2023 оноос эхлүүлсэн аж. Төслийн барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийх гэнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулах нь ээ.
Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байгаа аж. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Энэ үед Францаас нийт 162 чингэлэг ирэх бөгөөд өнгөрсөн хугацаанд төслийн хоёр чингэлэг боолт, жижиг тоноглолуудыг импортолж, бэлтгэл ажлуудыг хангаад байгаа гэнэ.
Дүүжин замын тээврийн кабинуудыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн үйлдвэрлэх талаар Улаанбаатар Кабль кар төслийн менежер ноён Жером Тоурнер мэдээлэв. Тэрбээр “Яармаг Арцат-Өнөр хороолол чиглэлд ашиглах нийт кабинуудыг ойролцоогоор 30-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэнэ. Тус үйлдвэр нь долоо хоногт 25 кабин үйлдвэрлэх хүчин чадалтай. Кабин бүрт дотоод болон гадаад хяналт шалгалт, ус борооны нэвчилт, битүүмж зэрэг шалгалтуудыг 50 цагийн турш хийдэг” гэсэн юм.
Ийнхүү дүүжин тээврийн эхний шугам ашиглалтад орсноор оргил цагийн үед 22 км цагийн хурдтайгаар 11 минутад 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабин ажиллах юм байна.
Харин хоёрдугаар шугам нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл 2.8 км урттайгаар баригдах ба техникийн судалгааг нь энэ онд эхлүүлж 2027 онд дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.