
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт өнөөдөр эхэллээ
Тус наадам гуравдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд хоёр өдөр үргэлжилнэ. Бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 26 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байна. Наадмын үйл ажиллагааг нээж, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа үг хэллээ.
“Бүргэдийн баяр -2025” наадамд Олон улсаас 4 болон Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ аймгаас нийт 26 бүргэдчин шувуулахуйн ухаанаа сорихоор иржээ

Тэрбээр, “Нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, ахуй амьдралын онцлогийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 19 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд бид түүхэндээ хамгийн өндөр буюу 805 мянга гаруй жуулчин хүлээж авсан амжилтаар шинэ оныг угтаж байна. Энэхүү үйлсэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ манлайлан оролцож, ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байгаад талархаж байна. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Баян Өлгий аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас бүргэдчид, соёлын биет өвийг тээгчид оролцож буйгаараа онцлог. Цаашид Улаанбаатар хотын эдийн засагт төдийгүй соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Бүргэдийн баяр” наадам тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн аялагч, жуулчдын хүсэн хүлээдэг наадам болж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан өргөжин тэлэхийг ерөөе” хэмээлээ.


Өнгөрсөн жил “Бүргэдийн баяр”-ыг 20 мянга гаруй иргэн үзсэн бол 2200 жуулчин Монгол улсад зорин ирж уг баярын үйл ажиллагааг үзэж сонирхжээ. Харин энэ жил тус баярыг хэдэн жуулчин зорин үзсэн тоон мэдээлэл ирэх даваа гарагаас нэгтгэж гарна гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Бид энэ үер нутаг нутгаас зорин ирсэн шувуулахуйн зан үйлд гар бие оролцож яваа бүргэдчин оролцогчдын төлөөллөөс ярилцлага авлаа.


Ахмад бүргэдчин: Бүргэдээ ангаахай байхаас нь аваад сургаж дасгадаг


-Сэлэнгэ аймгийн Жавхлан сумаас ирсэн. Одоо би 12 дахь жилдээ бүргэдээ бариад энэ баярт оролцож яваа.
“Бүргэдийн баяр”-т гурав дахь удаагаа оролцож байна. Бүргэдээ ангаахай байхаас нв аваад тэгээд сургана, дасгана. Хамгийн эхлээд өөртөө дасгадаг. Загнаж бас ерөөсөө муу муухай харьцаж болдоггүй амьтан. Эхлээд эрхлүүлж байгаад л, зөв харьцаж байгаад аажим аажмаар өөртөө дасгаад тэгээд л шувуулахуйн ухаанд сургадаг даа.


5-6 жил байлгаж байгаад л байгальд нь буцааж тавьдаг.
Миний бүргэд хоёр настай. Одоо дөрвөн жилийн дараа байгальд нь буцааж тавина. Бүргэдийг таргалуулвал 14-15кг жинтэй болдог. Харин “Бүргэдийн баяр”-т бэлтгэж жинг нь сойсон үед 5-6кг жинтэй л байдаг.
Шувуулахуйн ухааныг би хоёр хүүдээ зааж сургасан. Одоо энэ ухаанд суралцаж яваа ач, зээ нар бас бий.
Удам дагасан ийм сайхан ажил. Миний аав, өвөөгийн барьж байсан гурав дахь үеийнх. Гурав дахь үед дамжиж ирсэн өв соёлоо гээлгүй, үр хүүхдүүддээ сургаж явна даа.


Киноны орлон тоглогч, Бүргэдчин Э.Батбилэг: “Байгаль хүн хоёрын нөхөрлөл”-ийн гайхалтай гоё мэдрэмжийг өгдөг


Миний хувьд Төв аймгийн Эрдэнэсант сумаас энэхүү баярыг зорин ирлээ. Би энэ баярт бүргэдээрээ ан хийх тэмцээн дөрөв дэх жилдээ оролцож байна.
Манай энэ бүргэд нэг настай. Байгальд анх ирэхэд нь л Төв аймгаас зэрлэгээр нь олж авч, өөртөө гаршуулан сургасан. Одоо ан хийж сурсан, сайн бүргэд бий.
Би киноны орлон тоглогч мэргэжилтэй хүн. Яг кинонд шонхор, бүргэд гээд л шувуулахуйн өв соёлыг хараад л тэгээд л энэ ажилд оролцож эхэлсэн дээ.
Эхлээд шонхор, харцага сургадаг байж байгаад сүүлдээ бүргэд сургаж эхэлсэн.


Энэ шувуулахуйн өв соёлыг тээж яваадаа тун баяртай, сэтгэгдэл өндөр байдаг. Ер нь байгалийн амьтан учраас байгаль руугаа л явахыг бодно. Тэгээд хамгийн сайн хайрлаж, хамгийн сайнаар нааш нь өөртөө татах хэрэгтэй. Ерөөсөө буруу сөрөг хандаж болохгүй. Нэг л тэгэх юм бол байгалийн амьтан учраас цаашаа л гэдэг.


Тэгээд хамгийн сайхан нь “байгаль хүн хоёрын нөхөрлөл” гэдэг нь үнэ цэнтэй их гоё байдаг даа.


















“Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үйл ажиллагаа болно.
Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох
Морь, тэмээ унах
Нум сум харвах
Алтыбакан казак үндэсний савлуур
Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.
Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх
Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах
360 камераар зураг даруулах боломжтой.
Мөн “Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.
Монгол анч тайга нохойны үзүүлбэр
Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт
“Бүргэдээр ан бариулах тэмцээн”
Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/
Казах үндэсний тоглоом
Kөкбар-тулам булаалдах,
Газраас зоос шүүрэх тэмцээн болно.

