
Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэр бүл, албан байгууллага, нийгмээрээ ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдээ баярлуулж, хайртайгаа хэлж, цэцэг, бэлэг өгч, аз жаргалтай нэг өдрийг бэлэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдөр нь түүхэнд тэмдэглэх болсон 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.
Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.
Харин 1910 онд Копенгаген хотноо болсон Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Тэгвэл дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал болон Монгол Улс дахь нөхцөл байдлын талаар Монголын Эмнести интернэшнл байгууллагын зохицуулагч Я.Цэцэнзаяатай ярилцлаа.
2025 онд дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд ямар уриалга дэвшүүлж байгаа вэ?
Охид эмэгтэйчүүдийн эрх, жендерийн эрх тэгш байдалтай холбоотойгоор 2025 Охид эмэгтэйчүүдийн эрх, жендерийн эрх тэгш байдалтай холбоотойгоор 2025он бол онцлог жил. Юугаараа онцлог байна вэ гэхээр 30 жилийн өмнө “Бээжингийн тунхаглал” хэмээх үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж байсан юм.
Энэ бол Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурал Бээжин хотноо болж, 189 орны 17 мянган төлөөлөгч эмэгтэйчүүд чуулж, дэлхийн түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийн эрхийг Дэлхийн улс орнууд илүү системийн байдлаас харах ёстой гэж үзэн, жендерт суурилсан хүчирхийлэл, жендерийн эрх тэгш байдлыг бий болгож эмэгтэйчүүдэд гарааны тэгш боломжийг олгох зорилготойгоор “Бээжингийн тунхаглал” хэмээх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан.
Түүнээс хойш 30 жил өнгөрсөн. Хөтөлбөрийн гол зорилго нь эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийг ядууралтай нөхцөл байдлаас гаргах, жендерт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авдаг болгох байв.
Гэвч одоо НҮБ ч гэсэн 30 жилийн турш бид нар ер нь юу хийсэн юм бэ? Уг нь бол 30 жилийн өмнө их том зураглалыг гаргаж их том амбицтай тунхаглал баталсан боловч энэ хөтөлбөр хэрэгжсэн үү, үгүй юу гэдэг дээр нэлээн ширүүн мэтгэлцээнүүд өрнөсөн. Тиймээс удахгүй болох “Эмэгтэйчүүдийн аж байдлын тухай” 69 дүгээр хурлаар өнгөрсөн 30 жилийн үйл явцыг дүгнэх юм.
НҮБ–аас гаргасан олон судалгаанууд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай хийж чадаагүйг нотолдог. Жишээлбэл бид нар охид эмэгтэйчүүдийн боловсрол, сурч боловсрох эрхийг хангана,тэр нөхцөл байдлыг дээшлүүлнэ гээд, мэдээж дэвшил байгаа юу гэвэл байгаа.
Гэвч одоо дэлхий даяар 122 сая охид, эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж чадахгүй л байна. Тэр нь дээд боловсролын тухай бус анхан шатны суурь боловсролыг хэлж буй юм. Дэлхий дээр яг одоо амьд сэрүүн байгаа 50 сая эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөг, бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. 5 хүүхэд тутмын нэг нь хүчээр гэрлэж байна.
Хамгийн сэтгэл сэрдхийлгэм статистик бол дэлхий дээрх 15-19 насны охид, хөвгүүдээс судалгаа авахад 3 хүүхэд тутмын нэг нь “ямар нэгэн шалтгаанаас болж эр нөхөр нь эхнэрээ цохиж явах нь байж болох зүйл” гэсэн үзэл хандлагатай байна. Энэ бол үнэхээр эмзэглүүштэй асуудал мөн.
Эмэгтэйчүүдийн цалин хөлс эрэгтэй албан хаагчаас 1,5 дахин бага хөлс авдаг
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн эхлэл түүхэнд тэмдэглэгдсэн тэмцэл нь цалин хөлсний тэгш бус байдлыг эсэргүүцэж жагссан. Гэвч 168 жил өнгөрсөн ч өнөөдөр энэ эрхийн зөрчил эмэгтэйчүүдийн өмнө байсаар байна.
Дэлхий дахинд охид, эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой дараагийн асуудал бол тэгш шударга цалин хөлсний үнэлгээ. Олон жил энэ асуудал яригдаж байгаа. Ижил ажил мэргэжилтэй, нэг түвшний ажлын байранд ажиллаж байгаа ч эмэгтэйчүүдийн цалин хөлс эрэгтэй албан хаагчаас 1,5 дахин бага хөлс авдаг.
Энэ хандлагыг МЭӨ IX зуунаас эхлэлтэй Анадиз гэх эмэгтэй хамгийн анх Грект эмэгтэйчүүдийг Анагаахын сургуульд сурахыг хориглож байсан бөгөөд тэрээр үсээ эр хүн шиг засуулж Анагаахын сургуульд суралцсан. Түүнийг илчлэгдсэний дараа цаазаар авах гэх үед олны эсэргүүцэлтэй тулж, суллаж байсан түүхтэй.
Түүнээс хойш эмэгтэйчүүд Анаагахын сургуульд суралцах боломжтой болсон байдаг. Ийнхүү үзэл санааны хувьд дэлхий дахинд эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлд, ажил мэргэжил эзэмшиж, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхэд ахиц дэвшил гарсаар байгааг үгүйсгэх боломжгүй.
Азийн орнуудад тэр дундаа Афганистан зэрэг Төв Азийн орнуудад илүү их бурангуй соёл дээр тулгуурласан хүчирхийллийн хэлбэрүүд байна
Технологи, цахимжилт нийгмийн ялгаварлал, гадуурхлыг үүсгэж байгаа тухай та хэлж байсан. Үүний хамгийн гол өртөж буй хэсэг хэн бэ?
Сүүлийн жилүүдэд энэ нь хамгийн их ялгаварлан гадуурхалтыг үүсгэх эрсдэлийг бий болгоод байна. Тэгээд хэн ялгаварлан гадуурхалтад өртөөд байгаа юм бэ гэхээр ахмад настнууд, технологид ээлтэй бус хүмүүс, охид, эмэгтэйчүүд, ядууралд байгаа хүмүүс. Төрийн үйлчилгээ буюу нийгмийн бүх л давхаргад хүрэх ёстой энэ үйлчилгээ цахимжих нь оновчтой ч дээрх хэсэг бүлгийнхэн авч чадахгүй, чадахгүй байгаагаараа ялгаварлагдаад байгаа юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэж буй байгалийн давагдашгүй хүчин зүйл, хэт их халалт, үер, усны гачигдал хомсдолыг хамгийн ихээр гэр бүлээ тэжээж, арчилж, асарч буй эмэгтэйчүүд мэдэрдэг. Мөн ядуу, буурай орнууд. Асрахуйн үүргээ гүйцэтгэдэг эмэгтэйчүүд, тариалангаас үр шим хүртдэг, түүврийн аж ахуйгаас амьдралаа залгуулдаг эмэгтэйчүүд хамгийн их мэдэрч байна. Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалт нь тариалан, ургацад нөлөөлж байна.
Дэлхий дахинд Эмнестигийн зүгээс шинээр тодорхойлж буй бас нэгэн эрхийн зөрчлийн тодорхойлолт бол жендерийн апартит гэдэг ойлголт. Үүнийг олон улсын эрх зүйгээр хамгаалах хэрэгцээ шаардлага байна гэдгийгмаш олон жил ярьж буй.
Жишээлбэл, охид, эмэгтэйчүүдийг насанд хүрээгүй, бусдад худалдах зорилготой, эсвэл төрөхөөс нь өмнөгэрлэлтийг нь шийдчихсэн байдаг улс орнууд бий. 8-9 настай нь хүчээр гэрлүүлдэгсоёл, эсвэл эмэгтэйчүүд хижаб өмсөх ёстой гэх мэт эмэгтэй учраас бүх төрлийн ялгаварлан гадуурхалтад хүрдэг үзэл санаа байсаар байна.
Хэдийгээр энэ эмэгтэйчүүдийн эрх асуудалддэвшлүүд дандаа барууны хөгжингүй орнуудад гарч байгаа боловч Азийн орнуудад тэр дундаа Афганистан зэрэг Төв Азийн орнуудад илүү их бурангуй соёл дээр тулгуурласан ийм хүчирхийллийн хэлбэрүүд байна. Эмнестигийн гаргасан олон судалгаан дээр апартитын асуудлыг гаргаж ирээд жендерийн апартит гэдэг нэр томьёог хамгийн анх ашигласан.
Апартит гэдэг бол уг нь арьсны өнгөөр алагчлах үзлийг дэлхий дахин тодорхойлж ирсэн. Харин өнөөдөр жендерийн апартит буюу алагчлал болоод байгаа юм.
Жендэрийн тэгш байдал гэх ойлголт сүүлийн жилүүдэд манай улсад бүх л салбар, бүлэг, сэдэв бүрт л яригддаг болсон. Хуульд ч энэ тэгш байдлыг хангаж байна. Гэхдээ жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн эрхий асуудал яриад, бичээд өнгөрөх бус айл өрх бүрийн дотор хэрэгжих ёстой үзэл санааны өөрчлөлт байх учиртай. Монгол Улсад ингэж чадахгүй л байх шиг.
Монгол Улс, Монгол Улсын иргэн ямар зорилготой, ямар алсын хараатай юм бэ гэдэг нь их ойлгомжтой. Бид Үндсэн хуулийнхаа оршил хэсэгт “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ” байгаа юм. Тэр хүмүүнлэг гэдэгт нь юу яваад байгаа юм?
Хүн ёсны асуудал ярьж байгаа шүү дээ. Хүнийг хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх, хүн гэдгээр нь хүндэтгэх асуудал. Төрийн бодлого шийдвэр яг таны хэлдгээр хөрсөн дээр өрх бүл дотор, гэрийн хаалганы цаана яаж хэрэгжих ёстой юм бэ? Нэг хүн очоод тэрийг хянаад, тогтоох боломжгүй.
Ерөөсөө хүний эрхийн боловсролоор дамжуулж хүмүүнлэг нийгмийг бүтээдэг. Хүний эрхийн боловсрол гээд гарын авлага тараах ерөөсөө биш. Ерөөсөө л хүн болгон өөр өөрийн гэсэн оршихуйтай, өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Тэр нь бид нарыг бусдаас ялгаатай байлгадаг. Тэрнийх нь төлөө бусдыг буруутгаж болохгүй.
Бусдыг үзэн ядаж болохгүй, байгаагаар нь хүлээн зөвшөөр буюу бусдыг хүндэл гэдэг ойлголт юм. Үүнийг л хүн бүр ойлгож, улс орнууд боловсролыг системдээ хэрэгжүүлж байж хүмүүнлэг нийгмийг буюу эрхийн зөрчилгүй нийгмийг бүтээнэ.