
Гашуун яриа нэвтрүүлгийн ээлжит дугаарт Маск продакшныг үүсгэн байгуулагчдын нэг, МУГЖ П.Эрдэнэзаан оролцлоо. 30 жилийн турш мэргэжилдээ эзэн болж, үнэнч байсаар энд хүрсэн тэр өнгөрсөн амьдралдаа туулж мэдэрсэн хүнд хэцүү зүйлс, түүнийгээ хэрхэн давж гарсан талаараа хуваалцлаа.
АМЬДРАЛ ГЭДЭГ ТЭР ЧИГТЭЭ СААД БЭРХШЭЭЛ
-Ярилцах санал хүлээж авсан танд баярлалаа. 30 жил мэргэжилдээ үнэнч байж ажилласаар өдийг хүрнэ гэдэг тэвчээр үү, эсхүл мэргэжилдээ хайртай байгаагийн илрэл үү?
-Аль аль нь гэж бодож байна. Ерөөсөө амьдрал гэдэг тэр чигтээ саад бэрхшээл шүү дээ. Надад одоо ч асуудал байна. Ингэж явсаар гэнэт сайхан болох ч юм уу, би хэлж мэдэхгүй. Гэхдээ хүн бол нурж л болохгүй юм билээ. Ялагдаж л болохгүй гэсэн үг. Ялагдвал чи хэн ч биш болно. Саад бол дандаа л байна. Гэхдээ тэр саад бэрхшээл, хүнд хэцүү зүйлс л эргээд бодоход амттай байдаг. Анхныхаа цалинг аваад явах аз жаргал. Эхнэртээ нэг цамц аваад өгөх чинь аз жаргал. Байрандаа ганц хивс аваад тавих чинь ч аз жаргал. Манайх есөн давхарт байсан юм. Лифт зогсчихсон. Тэр үед дөнгөж байрандаа орчихсон ямар ч тавилгагүй байлаа. Цалингаараа буйдан аваад л гялс тавихын “түүс” болж байгаа юм. Лифт ажиллахгүй болохоор нь өөрөө хөлсөө гоожуулаад л дээшээ зөөсөн. Одоо бодохоор есөн давхар луу яаж гаргасан юм бэ. Тийм биз дээ. Тэр хэцүү болгон үнэ цэнтэй байдаг. Залуу байхад хоёулаа гэж боддог. Лифтээ ажиллатал түр азнаж болно шүү дээ. Тэгтлээ яарсан байгаа юм. Эхнэртэйгээ хөтлөлцөөд л, “энэ айлын авжуур ямар гоё юм бэ” гэж хараад явж байсан тэр цаг хугацаа аз жаргал байсан. Харин тэр үедээ мэддэггүй юм. Хэцүү юм шиг бодогдоно. “Яана аа одоо ямар амьдрал бүтээнэ ээ” гээд л тэвдэнэ. Амьдрал аа бүтээх гээд л сандраад, ажил нь болж бүтэхгүй, нэг жүжигт тоглохоор тэр нь олигтой болохгүй. Жүжигт орох гэсэн чинь дүр байхгүй. Тэгээд л уйлаад сууж байсан үе надад зөндөө л бий. Энэ жүжигчний ажлыг хаялаа, болилоо гэж шаралхаж явсан үе одоо бодоход сайхан байдаг.
ОЛНООР ХҮРЭЭЛҮҮЛЖ, МӨНГӨНИЙ БАРАА ХАРЖ ЭХЛЭХДЭЭ НЭГ АЛДСАН
-Та залуу байхдаа омогшиж, алдаж байсан талаараа цухас ярьж байсан. Энэ талаараа дэлгэрүүлээч?
-Залуучууд хөөрч омогших нь зөв. Хүн нас насандаа л байх ёстой. 20-30 настай залуу 50 настай хүний ухаан гаргаад яах вэ. Би ч гэсэн алдаж явсан. Хамтлаг байгуулаад л, биднийг маш олон хүн үзэж алга ташихаар омогшиж, сагсуураад л. Маск продакшныг анх байгуулаад, эхний тоглолт маш амжилттай болсон. Тэрэндээ нэлээн омогшиж, мөнгөний бараа харж байгаа юм. Нэр хүндтэй ч болж, хүмүүс хүрээлж эхэлсэн л дээ. Ингээд ирэхээр хүн онгирно, сагсуурна, архи ууна. Бас жаахан биеэ тоох хандлага гарна. Тийм үе бол байсан. Хоёр дахь тоглолтоо хийгээд л нурсан. Тэгээд ойлгосон юм. Бид хэрвээ ингэж явах юм бол урт наслахгүй юм байна шүү. Хөрсөн дээрээ бууж, бодитоор байхгүй бол нөхөд өө, нэг их удахгүй баяртай болох юм байна шүү гэж.
“ӨСӨХИЙН ЖАРГАЛ ЖАРГАЛ БИШ, ӨТЛӨХИЙН ЖАРГАЛ ЖАРГАЛ ШҮҮ ГЭЖ НЭГ ҮГ БАЙДАГ ЮМ ДАА, МИНИЙ ХҮҮ”
-Тэр үед таныг чиглүүлсэн, хатуу үгээр ухааруулсан хүн байв уу?
-Гэр бүлийнхэн тэр чигтээ л анзаарч байгаа юм. Манай аав нэг их юм яриад байхгүй. Гэхдээ ганц хоёр даацтай үгийг боксын бээлийгээр цохиж байгаа юм шиг хэлдэг. Тэр үед “Өсөхийн жаргал жаргал биш, өтлөхийн жаргал жаргал шүү гэж нэг үг байдаг юм даа, миний хүү” гэж хэлсэн. Энэ үгэнд амьдралыг тэр чигт нь багтаачихсан л юм билээ. Хүн залуу омголон насандаа онгирч сагсуурч явах юм бол, хожим нас ахиж хүч чадал буураад ирэхийн цагт, хэн ч биш болно шүү л гэсэн санаа юм билээ. Хүмүүсийн хандлага их хэцүү шүү дээ. Жаахан гайгүй үед хүмүүс их хүрээлнэ. Унах үед бүр дээрээс улам дардаг. Тийм үед ээжийн хайр л дутагддаг юм даа.
-Хөгшчүүд ярихдаа, “нас явах тусам ээж, аавыгаа санах юм” гэлцдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам улам л санаж байна уу?
-Тэр мэдээж. Ялангуяа хүнд үедээ их бодно. Хүний амьдралд янз бүрийн асуудал үүснэ шүү дээ. Бүтэлгүйтэх, унах гээд л. Цаг хугацаа өнгөрөх тусам л илүү тод санаж, мартагдсан дурсамжууд сэргээд байдаг юм байна. Түүнээс биш цаг хугацаа өнгөрлөө гээд дурсамж бүдгэрдэггүй бололтой. Одоо бол байнга бодно. Настай хүн харахаар л “сонин” болоод явчихна шүү дээ. “Ээжтэй минь яасан адилхан юм бэ” гээд санаа алдана гээч. Ээжийн хайр маш үнэтэй байжээ. тухайн үедээ мэддэггүй байсан. Одоо тэр хайраар л дутаж байна.
-Урлагийн хүний амьдрал хатуу гэдэг. Хайртай хүнээсээ хагацчихаад тайзан дээр гуниглаж чадахгүй тэвчих үе олон.Та үүний хэцүүг мэдэрсэн байх.
-Ээж минь 2012 онд өөд болсон. Тоглолт эхлэхээс 2-3 хоногийн өмнө л байсан юм. Ээжийнхээ ажил явдлаас ирээд л шууд тоглолтдоо орсон. Би чинь хүн инээлгэнэ шүү дээ. Тийм сэтгэл зүйгээр тайзан дээр гарахад маш хүнд байсан. Давж гарах л ёстой байсан. Тэгээд л давж гарсан.
-Хайртай хүнээсээ үүрд хагацахдаа харамсал тээхгүй хоцордог хүн байхгүй биз. Та юунд харамсдаг вэ?
-Би ээжтэйгээ уулзаж чадаагүй. Би үнсүүлээгүй. Ядаж эцсийн үгийг нь сонсоогүй. Тэр их харамсалтай байдаг. Надад их цохилт болсон шүү. Би бол ээж дээрээ дураараа байсан хүн. Ээж дээрээ л дураараа байсан. Орилно, уйлна, инээнэ. Ээжийн хажууд л дураараа байж. Азтай нь би 30 нас гартлаа дураараа байсан байгаа юм. Одоо надад дураараа байх ямар ч боломж байхгүй. Нэг сайхан үнсүүлчих юм сан л гэж бодож байна. Гэхдээ хүн боддог юм билээ. Ямар ч байсан ээж минь тэнгэрээс харж байгаа. Би зөв сайхан явж, ач гучийг нь сайхан өсгөхөд ээжийн минь сэтгэл амгалан байх байх аа гэж дотроо сүсэглээд ажиллаж амьдарч явна даа.
-Ярилцсанд баярлалаа.