
Маск продакшн 20 жилийн ойн босгон дээрээ хаврыг угтаж, “Инээдээр гоёсон монгол” тоглолтоо гуравдугаар сарын 6-аас үзэгчдийн хүртээл болгож эхэллээ. Бид тоглолтын талаар МУГЖ М.Баярмагнай, “Маск” продакшны жүжигчин Х.Цасчихэр нартай цөөн хором ярилцсан юм. Нийгмийн эмзэг асуудлыг егөөдөж, инээдээр хөндсөөр ирсэн тэд энэ удаагийн тоглолтоо илүү мэргэжлийн, нягт нямбай тавьж буй талаараа онцолж байна.
ХҮН ИНЭЭЛГЭХ ТИЙМ АМАР АЖИЛ БИШ…
Энэ талаар МУГЖ М.Баярмагнай ярихдаа, “Тоглолтын нэг дугаар жаахан драм талдаа юм. Түүн дээр хүмүүс инээчихвэл яана аа л гэж бодож байна. Манайхан, “Чи болно оо” л гээд байгаа. Түүн дээр л өөрийгөө туршиж үзнэ дээ. Инээх юм бол дахиж драмын төрлийн жүжигт тоглож чадахгүй байх. Ирэх жил Маск продакшны маань 20 жилийн ой болно. Энэ хүрээнд “Инээдээр гоёсон монгол” тоглолтоо гуравдугаар сарын 6-аас Үйлдвэрчний соёлын төв ордондоо тоглох гээд бүх бэлтгэл ажлаа базаасан. Тоглолт маань бүгд л хэлэх санаатай, асуудалд дуугарсан үзүүлбэр байдаг. Хүн инээлгэнэ гэдэг ер нь бэрх шүү дээ. Хүмүүс харахдаа амархан л гэж боддог. Хэдэн маазарсан юмнууд гэдэг ч юм уу хөнгөнөөр харах нь бий. Хүн инээлгэж тоглоно гэдэг хэцүү шүү дээ. Гэхдээ хүн болгонд таалагдах албагүй ээ. Хүмүүсийн үзэл бодол харах өнцөг өөр. Тэр тусмаа сошиал суваг хөгжөөд, манайханд таалагддаг зүйл байхаа больсон. Мэдээж Маск продакшныг сонирхдог, нэг орой гэр бүл найз нөхдөөрөө инээж хөхөрье гэсэн хүмүүс маань л манай тоглолтыг зорьж ирж үзэх байх. Та бүхнийг урьж байна” гэлээ.
ТОГЛОЛТЫНХОО НЭРИЙГ БИ ӨГСӨН
Харин “Маск” продакшны жүжигчин Х.Цасчихэр, “Тоглолтын маань нэр их гоё. Нэрийг нь би өгсөн юм. Миний санаа тодорсон. Сониноос тоглолт дээрээ би эмэгтэй болж байгаа. 7-8 жилийн өмнө хамтлагтайгаа тоглож байхдаа, нэг удаа Эрдэнэзаан ахын ард солонгос эмэгтэй болж гарсан. Аймар өөртөө итгэлтэй эмэгтэй болоод гараад ирсэн чинь, нэгдүгээр эгнээний үзэгчид дундаас хоёр эмэгтэй харж байснаа, “Ямар муухай юм бэ” гэсэн. Тэрнээс хойш “би яг эмэгтэй болж болохгүй юм байна” гэж ойлгосон. Тэгсэн ах нар “чи одоо чадна аа” гээд л зориг гаргаж байгаа.
Мөн тоглолтынхоо бүх дууг шинээр зохиолгож байгаа. Урд нь албан ёсны эрхгүй, янз бүрийн дуу ашигладаг байсан бол одоо албан ёсны эрхтэйгээр дуу зохиолгож байгаа. Хөгжмийн зохиолч, продюсер Б.Санчир маань бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ удаагийн тоглолт маань илүү мэргэжлийн нягт болж байгаа” гэсэн юм.
ЦАГААН САРЫН ИХ БАЯР ХҮНДЭТГЭЛИЙГ АМНЫ ЗУГАА !!! ОЛНЫ АНХААРАЛ ТАТАХ ГЭСЭН ТЭНЭГ ҮЗҮҮЛБЭР РИИЛ БОЛГОН СООШЛ ОРЧИНД ЦАЦААД БАЙГААГАА ЗОГСОО !!! ХОШИН ШОГИЙХОН НЭРТЭЙ !!! ОЮУНЫ ХОМСДОЛД ОРЧИХСОН ЖҮЖИГЧИН МЭРГЭЖИЛ ГУТААСАН !!! ЛУЙВАРЧИД АА !!!