
56 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлүүд алдагдсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэлийн дэлгүүрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан цонхны хамгаалалтыг эвдэн орж, 56 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон ээмэг, бөгж, зүүлт алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 30 настай, эрэгтэй, “Б” үйлдсэн болохыг тогтоон баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Гэмт хэргийг хэрхэн үйлдсэнээс хамаарч ялын хэмжээ тогтоогдоно гэдгийг ЦЕГ-аас мэдээлж байна.
Тодруулбал,
- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тэгэхээр энэ хэргийг ямар зорилгоор, хэрхэн үйлдсэнээс хамаарч дээрх этгээд зургаан сараас 12 жилийн хугацаатай ял эдлэх нь ээ.