
Хөрөг нэвтрүүлгийнхээ цагаан сарын баярын дугаарт ямар ч үед биднийг зорьсон газарт минь хүргэдэг нийтийн тээврийн жолоочийг онцоллоо. Тэр дундаа эмэгтэй жолоочийг сонгон нэвтрүүлэгтээ урьсан юм. М.Занданмядаг 13 дахь жилдээ энэ салбарт ажилласан байна. Түүний хувьд ажиллах урмаа эерэг энерги, дулаан инээмсэглэлтэй зорчигчдоосоо авдаг төдийгүй цагаан сарын үеэр иргэдэд үйлчлэхэд сэтгэл тэнэгэр, сайхан байдаг хэмээн онцлон хэлсэн юм.
БААЗЫНХАА ГАНЦ ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ НЬ ЯВСАН ҮЕ БИЙ
Нийтийн тээврийн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Анх троллейбусны жолооч байсан одоо бол цахилгаан автобус барьж байна. Би анх цагдаа, цэргийн хүн болохоор Цагдаагийн академид суралцаж байсан юм. Амьдралын шаардлагаар нийтийн тээврийн жолооч болсон гэж хэлж болно.Хүн ажлын байран дээр гарахдаа надад ямар ур чадвар байгаа билээ. Би юу хийж чадах билээ гэж л боддог юм билээ. Би арван жилд байхдаа нэг зун жолоонд идэвхтэй сууж D ангилал хүртэл даруулсан байсан юм. Энэ чадвар дээрээ дөрөөлж автобусны жолооч болсон гэх үү дээ. Анх ажилд ороход “чи барьж чадах юм уу? энэ том тэргийг ийм жижигхэн эмэгтэй хүн” гэдэг л байлаа. Авууштай нь намайг анх ажилд ороход дагалдуулж жолоочийн гарааг маань тавьж өгсөн хүн эмэгтэй байсан юм. Намайг ажилдаа зүгшрээд удаагүй байхад тэтгэвэртээ гарсан. Тэгээд л баазынхаа ганц эмэгтэй жолооч гэж дуудуулан хэдэн жил явсан. Тухайн үедээ их л сонин содон байлаа зорчигчид хүртэл эмэгтэй хүн байна шүү дээ гэсэн нүдээр хардаг. Түүнээс хойш кондуктор байсан эмэгтэйчүүд ч жолоо, сургалтад сууж, зараар эмэгтэй хүмүүс орж ирж одоо олуулаа сайхан болсон.

БАЯРЫН ӨДРҮҮДЭЭР ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХДЭЭ ӨӨРӨӨРӨӨ ИХ БАХАРХДАГ
Цагаан сарын баярын хуваариар олон жил ажилласан, настай хүмүүсээ амраагаад залуус бид ажилладаг. Тэр хүмүүсээ хүндэтгэж байгаа учир баярын өдрөөр ажиллах нь гэж огт цааргалдаггүй. Харин ч надад баярын өдрөөр ажиллах их таалагддаг юм даа ялангуяа Цагаан сарын баяраар ажиллах. Учир нь бүх хүн үндэснийхээ хувцсыг өмсөөд гэр бүл, үр хүүхдээ дагуулаад явахыг зөвхөн энэ баяраар бид нар олж хардаг. Мөн хүн бүр баяр хөөртэй, аз жаргалтай харагддаг. Түүнээс маш их урам авч сайн сайхныг мэдэрдэг юм. Өөрөө ч мөн үндэсний хувцсаа өмсөж иргэдэд үйлчилнэ. Тэр хүмүүсийг хүндлэхийн сацуу Монгол гэдгээрээ омогшиж буй хэрэг шүү дээ.
Мөн жирийн ажлын өдрөөс илүү их урмын үг сонсож, сайхан хандлага харилцаа мэдэрдэг. “За баярын мэнд. Сайхан баярлаарай. Сайхан шинэлж явна уу? Ёстой гоё харагдаж байна. Эрүүл байгаарай амжилт хүсье гээд л маш олон танихгүй хүмүүс ерөөлийн үг хэлээд бууна.
Хүйтэн сэрүүний улирал гэдэг нийтийн тээврийн жолоочийн хувьд бас нэг хүнд даваа шүү дээ. Түгжрэл, халтиргаа гулгаа ихтэй, дүрэм зөрчигчид ихтэй энэ хотод тэр олон хүнийг тээвэрлэж зорьсон газарт нь хүргэнэ гэдэг маш хариуцлагатай ажил. Тиймдээ ч жолооч бид Цагаан сарын баяраар “Өвлийг өнтэй давлаа” гээд л их баярлаж бахддаг.
АМЬДРАЛ МААНЬ ТЭР ЧИГТЭЭ НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЙ ХОЛБОГДДОГ
Нөхөртэйгөө “Зорчигч тээвэр хоёр” бааздаа анх ороод танилцаж байсан. Жилийн дараа гэр бүл болж хөөрхөн хүү төрүүлсэн. Одоо ам бүл гурвуулаа амьдарч байна. Нөхөр маань нийтийн тээврийн салбарыг ойлгодог учир их амар байдаг. Бүхий л жаргал, зовлон хүнд хэцүүг нь мэднэ. Баярын өдрүүдээр арыг минь даагаад үлдэнэ. Миний ажилдаа дуртай, амжилттай ажиллаж байгаад нөхөр маань их нөлөөлдөг гэж боддог.




НЭГ АВТОБУС ГЭЖ ХАРАГДДАГ Ч ҮҮНИЙ ЦААНА ОЛОН ХҮНИЙ ХӨДӨЛМӨР БИЙ
Хүмүүс зүгээр нэг автобус гэж хараад байгаа юм. Энэ автобусыг жолооч нь гэхэд гадна талаа хариуцаад угааж цэвэрлэнэ. Дотор талыг нь угаагч эгч нар хуучин кондуктор байсан эгч нар маань угаана. Шалган механикууд өглөө бидэнтэй уралдан ирж хүйтэнд гадаа зогсоод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгана. Орой ирэхэд ч мөн гадаа зогсож л байна. Хүмүүсийн мөнгөний хайрцаг руу хийсэн мөнгийг тоолж сугалж авч банканд тушаах үүрэгтэй хүн ч бий. Ийм том баг бүрэлдэхүүн нэг автобусыг ч үйлчилгээнд бүрэн бүтэн цэвэр, цэмцгэр явуулчих юмсан гээд ажиллаж байдаг юм шүү. Тэгэхээр үйлчлүүлэгчид минь нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ өөриймсөг, эерэг хандаж байгаарай.

