
Нэвтрүүлгийн бүтэн дугаарыг видеоноос үзнэ үү!
ӨРӨГ нэвтрүүлгийн ээлжит дугаарт Боловсролын сайд П.Наранбаяр оролцлоо.
АХЛАХ СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛ БОЛ СОНГОЛТ БАЙХ ЁСТОЙ
-Чанартай боловсрол гэж ямар боловсролыг хэлэх вэ? ЭЕШ-ын оноогоор дүгнэх үү? Төлөвшсөн байдлаар дүгнэх үү?
-Чанартай боловсролыг зөвхөн оноогоор хэмжихгүй л дээ. Энэ бол зүрх сэтгэл, оюун ухаан, бие бялдрын өв тэгш хүмүүжил, төлөвшил, мэдлэгээ олоод авчихсан, өөрийнхөө амьдрал асуудлыг зохион байгуулж чаддаг байхыг хэлнэ. Дээрээс нь энэ нийгэм хэрэгтэй хэрэггүй олон мэдээллээр дүүрэн байна. Сайн, мууг ялгаж, шийдвэр гаргаж чаддаг хүмүүс байх ёстой. Тэгэхээр энэ жил бидний эхлүүлсэн сонирхолтой ажил юу гэхээр, есдүгээр ангийн хүүхдүүдээс мэргэжил сонголтын тест авч байгаа. Есдүгээр ангийн 8000 гаруй сурагч бий. Тэд тестээ бөглөх явцдаа, би хэн билээ, юуны төлөө сурч байгаа билээ гэдгээ маш сайн ухамсарлаж эхэлнэ. Ялангуяа ахлах сургуулийн боловсрол бол сонголт байх ёстой. Мэргэжлийн эрхийг 18 насандаа олж аваад, эртхэн ажлын талбар дээр гарч үзсэний дараа их, дээд сургуульд орох уу гэдгээ шийдэх. Орохгүй ч байж болно. Өндөр цалинтай ажлын байр олон байна шүү дээ.
Нөгөө талд би яг судалгаа хийгээд их сургууль төгсөх үү, ирээдүйд яг доктор болох уу гэж боддог үе нь 15 нас байх ёстой. Үүнийг өөрөөс нь асууж эхэлж байна гэсэн үг. Цаашдаа сургуулиуд нийгмийн хөгжлийн төвтэй, сурагчдынхаа мэргэжил сонголтод багш нар нь тусалдаг болох хэрэгтэй юм. Бие даасан амьдрал руу орохдоо, үүгээр орлогоо олж чадах уу, үгүй юу. Надад ямар чадвар хэрэгтэй вэ гэдгээ өөрөөсөө асуухгүй, нүдээ аниад л хий гэснийг хийгээд явсаар алдчихсан хүн олон бий. Өнөөдөр боловсрол үүнийг асууж эхэлж байгаа юм. Энэ чинь л бие дааж шийдвэр гаргах чадварыг хэлээд байна.
22-23 НАС ХҮРТЛЭЭ ЭЭЖ ААВААРАА ТЭЖЭЭЛГЭХ БИШ, ХҮҮХДҮҮД БҮРЭН ӨӨРИЙНХӨӨ АМЬДРАЛЫГ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ
-Боловсролын чанарын асуудал их, дээд сургуульд биш ЕБС-д байна гэж та үзэж байна уу?
-Их, дээд сургууль нь ЕБС-иа буруутгаад, ЕБС дотроо ахлах нь дундаа, дунд багаа, бага нь ЦӨБ-оо чанаргүй гэдэг эргүүлгээс гармаар байгаа юм. Энэ жил бид их, дээд сургуулиудтайгаа ярилцаж байгаа. Элсэж байгаа хамгийн доод босго оноог 10 оноогоор ихэсгэнэ. 10 оноо нэмэхэд л бөөн хэлцэл болж байгаа шүү дээ. 10-хан оноо гэлтгүй. Хэдэн мянган хүн босго оноондоо хүрч чадахгүй унах асуудал үүсдэг. 10 оноо гэдэг их юм. Энэ оноог ихэсгэж эхэлсэн нь чанарыг эрхэмлэж эхэлж байгаагийн нэг том алхам. Үүнд 65 их, дээд сургууль бүгд оролцоод, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж чадвал маш том алхам болно. Үүнийг хийсний дараа ирэх жил дахиад 10 оноо ихэсгэх боломжтой. Дөрвөн жилийн дотор л 40 оноо болно шүү дээ.
БАГШ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЦАЛИНГ НЭГ ДОР ӨСГӨВӨЛ ИНФЛЯЦАД НӨЛӨӨЛНӨ
Гэтэл нөгөө талд бид хүүхдүүддээ маш том сонголт өгөх ёстой. Төгсөөд бүгдээрээ автоматаар их, дээд сургуульд ороод байх уу, үгүй юу. Мэргэжлийн сургалт руу ороод, 12 дугаар ангиа төгсөхдөө, ЕБС-ийн нэг дипломтой, мэргэжлийн эрхийн нэг гэрчилгээтэй төгсвөл, тэр хүнд ч хэрэгтэй. Ахлах сургуулийнхаа орчин руу орж ирэхэд нь л, ахлах сургууль нь төрөлжсөн , цагдаагийн их дээд сургуульд тэнцүүлэх сургуульд нь явна аа гэдэг. Эсвэл малчин болох гэж байгаа учир энэ салбарыг сонгоно гэдэг зүйл байх ёстой. Ийм байдлаар хүүхдэд эртхэн мэргэжлийн чиг баримжаа олгодог болох хэрэгтэй. Аль болох 22-23 нас хүртлээ ээж ааваараа тэжээлгэх биш, хүүхдүүд бүрэн өөрийнхөө амьдралыг авч явах боломжоо эртхэн хараад эхлэхээр хүний төлөвшил ч өөрчлөгдөнө. Залуусыг дэмжье гэвэл ядаж л цагийн ажлын цалингаас нь НДШ авахаа больчих хэрэгтэй. 100 хувь орлогыг нь өгөх ёстой. Ингэхээр залуусын орлого, хөдөлмөрлөх сонирхол нэмэгдэхээс гадна сурангаа ажиллах боломж бүрдэж байгаа юм.
-Багш нарын цалинг нэмэх боломжтой юу? Дундаж цалин нь 1.480.000 төгрөг байдаг юм байна.
-Биш ээ. Энэ бол дундаж биш, үндсэн цалин. Дээр нь нэлээн нэмэгдлүүд байдаг юм.
-ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмсэн шиг бидний хүүхдийг сургаж байгаа багш нарын цалинг нэмж болдоггүй юм уу?
-Үүнийг хүмүүс яг ингэж ярьдаг. Үнэн. Нэмэх ёстой. Гэтэл энэ салбарт 88 мянган хүн байгаа. Эдгээр хүний цалинг шууд өсгөе гэхээр, инфляцад нөлөөлдөг. Тиймээс Засгийн газар, УИХ-ын хэмжээнд ярилцах шаардлагатай болдог. Энэ асуудлыг ганцхан Боловсролын яам руу хандуулах нь өрөөсгөл. Юутай ч энэ жил нийт төрийн албан хаагчийн үндсэн цалин зургаан хувь нэмэгдэж байгаа. Үүнээс гадна энэ жил анх удаа хоолны нэмэгдэл олгож байгаа. Нэг сарын 172 мянган төгрөг гэсэн үг. Орон нутагт амьдралын өртөг арай бага учраас 102 мянган төгрөг. Бид боломжийнхоо хүрээнд хийгээд л байна. Улс орны эдийн засаг өшөө илүү тэлэг. Эдийн засгийн өсөлт хувь хүнд хэзээ хүрдэг гэвэл цалингийн өсөлт. 14 мега төслийн эрчим хүчний төсөл аль болох хурдан хэрэгжээсэй гэж бодож байна. Энэ төслүүд сайн явсны дараа боловсролын салбарт дорвитой хөрөнгө оруулалт нэмэхийг шаардаж эхэлнэ.
Эхлээд сурах нөхцөлийг сайжруулаад дараа наад бодолоо хэрэгжүүлэх хэрэгтэй
Сайдыг дэмжиж байна. Дорвитой өөрчлөлтүүдийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.