
“Хөрөг” нэвтрүүлгийнхээ баярын дугаарт бид 100 насны босгыг давсан Б.Зундуй гуайг онцоллоо.Түүний гэргий Г.Батбаяр мөн 90 насыг зооглоод буй. Тэд ханилаад 70 жилийг ардаа үджээ. Өөрийнхөө залуугийн дурсамжийг мартаж санаж байгаа ч ханийнхаа юунд дуртайг маш сайн мэдэж байгаагаас нь хайр хэчнээн хүчтэй зүйл болохыг мэдэрсэн юм.
-Ярилцах хүсэлтийг маань хүлээн авсан та хоёртоо гялайлаа. Уншигч, үзэгчдэд маань өөрсдийгөө танилцуулаач?
Б.Зундуй: Намайг Бухын Зундуй гэдэг. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ахмад дайчин. 1925 онд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Долоон настайгаасаа Баруун Чойрын хийдэд шавилан сууж Төвд ном, бурхны шашинд суралцаж байсан. Удалгүй төр үймэж, лам хуврагуудыг хилсээр гэмт хэрэгт татаж эхэлсэн тул “хар хүн” болж ээж аавдаа туслан мал хунараа харах болсон юм. 1945 онд 20 насандаа цэргийн албанд мордож 9-р морин дивиз, их бууны 5-р дивизид Дандарбаатарын хороонд хуваарилагдан “Чөлөөлөх дайн”-д оролцож явсан. Дайны үед цэргийн албыг долоон жил нэр төртэй хааж эсэн мэнд нутагтаа эргэн ирж байлаа. Түүнээс хойш хөгшинтэйгөө учран “Ардын жаргал” нэгдэлдээ мал маллан 36 жил улсдаа тасралтгүй хөдөлмөрлөсөн ийм түүхтэй хүн байна.
Г.Батбаяр: Намайг Гамбын Батбаяр гэдэг. Хөгшинтэйгөө ханилаад 70 жил болжээ. Бид нэг нутгийн хүмүүс. Таван сайхан хүүхдийн эцэг эх болж тэднийгээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлсэн байна. Таван хүүхдээс маань салбарласан үр ач, зээ гээд ная гаруй хүнтэй өнөр бүл болжээ. Хөгшинтэйгөө хамт насаараа л мал маллаж ахуй амьдралаа авч явж ирсэн дээ. Гурван хүүхэд маань бидний аж байдлыг өвлөн мөн малчин болсон. Гурвуулаа аймгийн аварга малчин гэж дуудуулах болсон байна.

-Та хоёр маань 70 жил ханилсан гэж ярилаа. Энэ олон жил ханилахаар нэгнээ нүд ирмэх төдийд л мэддэг болох уу?
Б.Зундуй: Өө тэгэлгүй дээ. Өөрийгөө хэр сайн мэддэг вэ түүн шиг ээ л мэддэг болно шүү дээ энэ олон жилийн хугацаанд.
– Батбаяр эгчээ нөхөр нь ямар хоолонд дуртай вэ?
– Голцуу л хуурай хоолонд дуралдаг юм даа. Цуйванд дуртай. Гэхдээ юмыг ер нь голж шилнэ гэж байхгүй ээ.


-Та хоёрын багад гэхээр одоогоос 90, 100 жилийн өмнө цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байв. Золгуут хийгээд айлуудаар ороход ямар бэлэг өгдөг байв?
Г.Батбаяр: Одоогийн цагаан сарын баяраас нэг их ялгаа гараагүй л санагдаж байна. Цагаан сарын өмнө айлууд гэр орноо цэвэрлээд өөрсдөдөө шинэ дээл хувцас оёж өмсдөг байсан. Идээ будаагаа засна, ууц махаа чанана гээд энэ л янзаараа байсан санагдана.
Б.Зундуй: Бидний үед цагаан сарын бэлэг хавсай буюу ул боов л байсан. Дээр нь хоёр гурван ёотон тавиад өгөхөд том бэлэгтээ ордог байлаа


– Уншигчид маань бүгд мэдэхийг хүсэж буй асуулт болов уу. 100 нас зооглоод зогсохгүй. Бие эрүүл саруул, оюун санаа тунгалаг яваа нууцаасаа хуваалцаач?
Б.Зундуй: Хүний идэж хэрэглэдэг бүхнийг хэрэглээд л өдийг хүрсэн. Цагаан идээ, эрүүл агаар, сайн ундны усны л буян гэж бодож явдаг даа. Бага балчир насандаа хийдэд сууж байхдаа багш нараасаа амны ус уухыг талаар сурсан юм. Манай нутагт Могойн шанд, Эрээн шанд гээд сайн уснууд байдаг байсан. Одоо Чойрын ламын усыг хүүхдүүдээрээ зөөлгөн ууж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та хоёр минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Залуу үе, үр хойчдоо захиж хэлэх зүйл бий юу?
Б.Зундуй: Үр хүүхдүүд минь газар шороо, эх нутгаа хайрлан дээдэлж яваарай. Уламжлалт баяр ёслолдоо ач холбогдол өгч ёс журмаар нь тэмдэглэн үр хүүхэддээ өвлүүлэн үлдээхийг зориорой.
Г.Батбаяр: Хүүхдүүд минь ажилч хичээнгүй байгаарай. Хийж буй ажилдаа, эх орондоо эзэн болоорой гэж захия

