
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын холбооны улс АНУ-тай хамтран газрын ховор металл олборлож, АНУ-ын дотоодын зах зээлд хөнгөн цагаан нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон эдийн засгийн хөгжлийн салбарт ОХУ-тай томоохон гэрээнүүд хийнэ хэмээн мэдэгдсэний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин засгийн газрын гишүүд болон эдийн засгийн зөвлөхүүдтэйгээ видео уулзалт хийсэн байна.
Уг уулзалтынхаа дараа өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч В. Путин, “ОХУ-тай хамтран ажиллах хүсэлтэй Америкийн түншүүддээ, түншүүд гэдэгт нь зөвхөн АНУ-ын засаг захиргаан болон төрийн байгууллагууд байгаад зогсохгүй Америкийн компаниудад эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдийг санал болгоход бэлэн байна.
Манай улсын газрын ховор металлын нөөц Украиныхаас их гэдэг нь эргэлзээгүй билээ.” хэмээн мэдэгджээ.
Газрын ховор металлын нөөцөөрөө ОХУ нь БНХАУ, Бразил, Энэтхэг болон Австрали зэрэг улсын араас 5-д жагсдаг ба ойролцоогоор 4 сая гаруй тоннын нөөцтэй гэгддэг аж.
Газрын ховор металл нь цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгсэл, гар утас, пуужингийн систем зэргийг үйлдвэрлэхэд ашиглагддаг ба ОХУ-ын хувьд жилд дунджаар 2500 тонн баяжмал олборлодог ч боловсруулалтын тал дээр хангалттай хүчин чадалгүй байгаа аж.
Ерөнхийлөгч В. Путин газрын ховор металлын хайгуулын ажлыг ОХУ-ын хяналтандаа авсан Украины газар нутаг дээр явуулахыг ч үгүйсгэхгүй гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн Оросын компаниуд АНУ-д жилд 2 сая хүртэлх тонн хөнгөн цагааныг нийлүүлэх боломжтой гэдгийг онцолсон байна. ОХУ-ын хувьд өмнө нь АНУ-ын хөнгөн цагааны нийт импортын 15 хувийг эзэлж байсан юм.
В. Путин Оросын компаниуд АНУ-ын компаниудтай Оросын Красноярск муж дахь усан цахилгаан станцын бүтээн байгуулалт болон хөнгөн цагаан үйлдвэрлэлийн төсөл дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байгаа ба уг төсөлд 15 тэрбум ам.долларыг хөрөнгө орно гэжээ.
Түүний хэлсэнээр АНУ-ын компаниуд ОХУ-ын компаниудтай эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар хэлэлцээ хийж эхэлсэн аж.
Кремлиэс гаргасан мэдэгдэлд Ерөнхийлөгч В. Путин газрын ховор металлыг ОХУ-ын эдийн засгийн хөгжлийг авч явах гол салбараар нэрлэж, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, цаашлаад дотооддоо дэвшилт технологийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.
Эx Сурвалж: CNN.COM