
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нарын багийн бүрэлдэхүүнийг сонгожээ.
“Лос Анжелес 2028” Олимпын циклийн бэлтгэлийг удирдан явуулах шигшээ багийн дасгалжуулагч нарыг сонгосон байна. 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах эхний тэмцээний бэлтгэлдээ өнөөдрөөс Үндэсний шигшээ багийн тамирчид гарч эхэлжээ.
Дасгалжуулагч нарын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:

ҮШБ-ийн эрэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:
ОУХМ Д.Гомбодорж
Дасгалжуулагчаар:
ОУХМ Ж.Чулуунбат ОУХМ, ОУ-ын шүүгч Г.Амархүү


Эмэгтэй багийн ахлах дасгалжуулагчаар:
ОУХМ С.Сүхбаатар
Дасгалжуулагчаар: МУГТ Б.Одончимэг, ОУХМ Ө.Ууганбаяр нар тус тус сонгогдож ажиллахаар болжээ.
Онцлоход ҮШБ-ийн түүхэнд анх удаа эмэгтэй багш ажиллах болсон нь энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог болсон ажээ.


Монгол Улсын Гавьяат тамирчин Бадрахын Одончимэг гэж хэн бэ?
МУГТ Б.Одончимэг Хернингийн 2009 оны дэлхийн аваргын хүрэл, Чэжү 2008, Куми 2012 оны Азийн аваргын мөнгө, Бишкек 2007, Паттая 2009,Ташкент 2011 оны Азийн аваргын хүрэл, Доха 2006 Азийн наадмын хүрэл, И.Ярыгиний “Алтан гран при” олон улсын тэмцээний аварга, Монгол Улсын 11 удаагийн аварга тамирчин юм.
Тэрбээр “Алдар” спорт хороон дээр дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд 2020 оноос чөлөөт бөхийн спортод шилдэг тамирчин бэлтгэх их үйлсэд хувь нэмрээ оруулж яваа. Шавь нарынх нь хамгийн сүүлийн амжилтыг дурдвал 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-д өндөр амжилттай оролцсон билээ. Эмэгтэйчүүдийн багийн дүнг Гавьяат тамирчин Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор алтан медаль хүртсэн юм.