
ХБНГУ-ын Германы Христийн Ардчилсан холбоо, Баварийн Христийн нийгмийн холбоо намуудын эвсэл өнгөрсөн ням гарагт болсон парламентын сонгуульд ялалт байгуулж, тус эвслийн тэргүүн Фридрих Мерц эвсэл нь сонгуульд ялалт байгуулсантай холбоотойгоор телевизэд өгсөн ярилцлагадаа Европын холбоо батлан хамгаалахын тал дээр цаашид илүү бие дааж, АНУ-аас хамааралтай байдлаа багасгах шаардлагатайг онцолж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлүүдээс Америкийн засгийн газарт Европын хувь заяа үнэндээ чухал биш болох нь харагдсан гэжээ.
Түүнээс гадна Ф. Мерц тэрбумтан Илон Маск Германы хэт барууны AfD намыг дэмжиж буйгаа илэрхийлж, сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон явдлыг буруушаасан байна.
Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ ХБНГУ-ын сонгуулийн үр дүнг таатай хүлээж авсанаа илэрхийлжээ.
Тэрээр, “АНУ-тай адил Германы ард иргэд утга учиргүй бодлогуудаас залхсан байна, тэр дундаа эрчим хүч, цагаачлалын тал дээр. Герман улсын хувьд агуу өдөр болж байна.” гэж бичжээ.
Хэт барууны Альтернативе фюр Дойчланд намын хувьд энэ удаагийн сонгуульд түүхэн амжилтыг гаргаж, сонгогчдын 20 орчим хувийн саналыг авсанаараа 2021 оны сонгуулийн амжилтаа хоёр дахин ахиулсан бол ХБНГУ-ын канцлер Олаф Шольцийн Социал Демократ нам энэ удаагийн сонгуульд намынхаа түүхэнд байгаагүй муу үр дүн үзүүлсэн байна.
Фридрих Мерцийн хувьд бусад намуудын авсан суудлын тооноос хамаарч, засгийн газраа байгуулахын тулд нэг эсвэл хоёр намтай эвсэх нь гарцаагүй бөгөөд AfD намын тэргүүн Элис Видел улс төрийн 3 хүчнээс бүрдэх засгийн газар 4 жил хүрэхгүй тарна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эx Сурвалж: BBC.COM