
“Өрөг ярилцлага” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Г.Дамдинням оролцлоо. Тэрбээр сэтгүүлч Б.Болорчимэгийн асуусан 10 асуултад гурван минутад багтаан хариулах учиртай. Ямар, ямар асуултад хэрхэн хариулсныг дараах холбоосоор орж үзээрэй.
–Таны ажиллаж байгаа хуулийн төслөөс асууя. Та Төрийн албаны хуулийн төслийг ахлаад ажиллаж буй. Төрийн албанд ажиглагсдын тоо сүүлийн гурван жилийн дотор 8000-аар өсжээ.Гэвч бид төрийн албанд ажиллаж байгаа ажилтнуудын бүтээмжийг яг яаж хэмждэг юм вэ?
-Төрийн албаны бүтээмжийг сайжруулах чиглэлд төрийн албаны шинэчлэл явах ёстой юм билээ. Төрийн албан хаагчдын тоо өсөж байгаа. Шатлал нь өөр, нийгмийн баталгаа өөр, ачаалал нь өөр байна. Төрийн алба удаан байна. Хүнд сурталтай байна гээд, асар их шүүмжлэл дагуулдаг. Тэгэхээр одоогийн байгаа хуулиуд дээр мэргэжлийн хүмүүсээр үнэлгээ дүгнэлт хийлгэж байж, яг хаана болоод, хаана болохгүй байгаа юм гэдгээ харах ёстой. Учир нь манай төрийн албыг хэчнээн ч хуулиар зохицуулж байгаа юм бүү мэд. Онцгой байдлынх нь онцгой байдлынхаар, Цагдаагийнх нь цагдаагийнхаар гэдэг ч юм уу.
Тэгэхээр цаашид манай одоо байгаа хууль эрх зүйн орчин олон улсад жишиг болж байгаа загвартай хэр зөрж байна. Цаашид хэрхэх вэ гэдгийг үнэлэх том хэмжээний судалгаа хийгдэж буй. Манай ажлын хэсэг үүн дээр ажиллаж байгаа.
Ажилтнуудын бүтээмжийг хэмжих талаар та асуулаа. Стандарт яригдаж байж төрийн бүтээмж яригдана. Жишээ нь, нэг ангид хэдэн хүүхэд байх ёстой, нэг ангид тэдэн багш хичээл заах ёстой вэ гэсэн стандарт байх ёстой. Тэр нь олон улстайгаа дүйцдэг байх ёстой. Үүн шигээр нэг эмчийн ачаалал, нэг сувилагчийн ачааллыг стандартжуулах юм бол төрийн албаны тоо автоматаар гараад ирнэ. Тэгэхээр эхний ээлжинд Төрийн албаны тухай хуулийг стандарттай нь уялдуулж, бүтцээ гаргаж байж хийх ёстой болж байгаа юм. Ингэх юм бол төрийн албаны ажилчдын бүтээмж тодорхой болно.
-Н.Учрал сайд Төрийн албаны ангиллаас эмч, багш нарыг гаргана гээд байгаа шүү дээ?
-Эмч, багш нарын нэмэлт урамшуулалттай холбоотой асуудлыг хуулиар шийдэх гээд байгаа юм билээ. Энэ бол Засгийн газраас өргөн барих гэж байгаа хуулийнх нь нэг хэсэг байх. Хууль Засгаас өргөн баригдана. Урьдчилсан байдлаар УИХ-аас ажлын хэсэг гарчихсан Засгийн газартайгаа ярилцаад явж буй. Хууль нь яг хэлбэржээд ороод ирэхээр сая дурдсан судалгаатайгаа уяж байгаад хуулиа гаргана гэсэн бодолтой явж байна. Ер нь бол төрийн албаны шинэчлэл гэдэг нэг чуулганы хугацаанд шийдэгдчих асуудал биш болов уу гэж бодож байна.
Бидний үлгэр загвар болгож харж байгаа орнууд гэвэл БНСУ, Сингапур. Энэ улсууд төрийн албыг их өөрөөр бэлддэг юм байна лээ. Гүйцэтгэх засаглал нь тусдаа бэлдэнэ. Хууль тогтоох засаглал нь тусдаа бэлдэнэ гэдэг ч юм уу. Өөрсдөө хүний нөөцийн яамаа гаргаад удирдаад явдаг юм билээ. Энэ их оновчтой загвар байх болов уу…
-Төрийн өмчит компаниудыг цөөлнө. Төрийн бүтээмжийг сайжруулна гээд гоё, гоё юм яриад байгаа хэр нь нөгөө талдаа ажил болохгүй байна. Яамнууд нь байхад Үндэсний хорооны тоог нэмээд байх юм. Үйл ажиллагааных нь чиглэл давхардаад л… нэг хороо нь 40 хүнтэй байх жишээний?
-Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд энийг шинэчилнэ. Үнэхээр байх ёстой юм бол яагаад ийм байх ёстой юм. Яамнууд бүгд адилхан шахуу орон тоотой. Гэвч ачаалал нь өөр, өөр. Тэгэхээр төрийн бүтээмжийг хэмжихийн тулд бидэнд стандарт хэрэгтэй. Одоо тэрийг оруулж ирэх гээд л оролдоод байна даа.