
Сэтгэл зүйн эмгэг, донтолт, гутрал гэж оношлогдсон насанд хүрэгчдийг ажиглаад байхад багадаа 24 цагийн цэцэрлэгт явдаг байсан, аав ээж нь орхиод гадаад явсан эсвэл эцэг эх нь 3-5 настай байхад нь салсан зэрэг амьдралын түүхтэй байх нь элбэг байдаг талаар Сэтгэлийн аялал сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Ш.Хонгорзул ярьлаа.
Хүний хөгжлийн хамгийн чухал нас болох 0-5 насанд эцэг эхтэйгээ хамт байж хайрлах халамжлуулах хэрэгцээгээ хангуулж чадаагүйн улмаас өсвөр насанд нь зан үйлийн сөрөг байдлууд илэрдэг. Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ 0-5 насанд нь аливааг сайн ойлгохгүй юм чинь гээд анхаардаггүй. Гэтэл энэ үе нь хүний сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал үе байдаг. Тэгэхээр ирээдүйд хэн байх нь тодорхойлогддог гэсэн үг. Зоригтой нэгэн болох уу, хулчгар болох уу, тэвчээртэй хүн болох уу гэх мэт бүх сэтгэл зүйн үндэс суурь нь энэ насанд тавигддаг. төрсний дараагаас гэж ойлгох нь ч учир дутагдалтай. Эхийн хэвлийд ураг бүрэлдээд жижиг цэг байх үеэсээ л хүний сэтгэл зүйн хөгжил явагддаг.

ГЭР БҮЛ САЛАЛТ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ, ЗАН ТӨЛӨВИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН СУУРЬ БОЛЖ БАЙНА
Гэр бүл салалт хүүхдийн сэтгэл зүйд маш их айдас түгшүүр бүх сөрөг хандлага мэдрэмжийн суурийг тавьж өгдөг. 2023 онд 9552 хүн гэр бүлээ цуцлуулсны 6000 орчим нь нэг жил хамт амьдраад гэр бүлээ цуцлуулсан байдаг. Тэгэхээр энэ гэр бүлүүдийн хүүхэд нэг нас хүртлээ ямар сэтгэл зүйтэй эцэг эхтэй амьдарсан нь ойлгомжтой. Энэ нь цаашдаа өсвар насанд сэтгэл зүйн эмгэг өөрчлөлтүүд илрэх суурь болж байгаа юм.
Сэтгэл зүйн зөвлөгөө,эмчилгээ бол тухайн хүүхдийн олон жил сэтгэлдээ хуримтлуулсан гомдол цөхрөлийг гадагшлуулж эхэлдэг. Одоо цаг дээр нь төвлөрүүлж өнгөрснийг мартаж уучлаад амьдралаа цааш нь үргэлжлүүл гэсэн техникээр ажилладаг. Тухайн хүүхдийн суурь сэтгэл зүйн байдлаас хамаараад сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ хэр удаан үргэлжлэх нь тодорхойлогдоно. Дунджаар эмчилгээ 3 хоног тутам уулзах байдлаар 2 сар хэртэй үргэлжилдэг.