Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт дөхөхөөр өсвөр насны хүүхдүүдийн дунд мэргэжил сонголтын асуудал үүсдэг. Зарим хүүхдүүд эртнээс мэргэжил сонголтоо хийсэн байдаг бол зарим нь эргэлзэж явсаар ЕБС-иа төгсөх болчихсон байдаг.
Хэрвээ та болон таны хүүхэд мэргэжил сонголотоо хараахан хийж чадахгүй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйн тест, оношилгоо хийлгэж мэргэжлийн сонголтоо хийх боломжтой байна.
Энэ талаар “Сэтгэлийн аялал” сэтгэл зүйн төвийн Сэтгэл зүйч, Докторант Ш.Хонгорзул зөвлөж байна.
“БИ” дээрээ тулгуурлаж мэргэжил сонголтоо хийвэл тухайн хүн хамгийн аз жаргалтай байх болно
Мэргэжил сонголтыг хамгийн түрүүнд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, миний суурь чадвар юу байна, миний нөөц бололцоо юу байна, би ямар темпераменттай, би хэн бэ гэх буюу БИ дээрээ тулгуурлаж мэргэжил сонголтоо хийх юм бол тухайн хүн хамгийн аз жаргалтай байх юм байна аа гэдгийг зөвлөнө.
Хүн мэргэжил сонголтоо хийхдээ нийгмийн эрэлт хэрэгцээ, тухайн мэргэжлийн нэр хүнд гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө авьяас чадвар, нөөц бололцоо, хүсэл мөрөөдөл дээрээ тулгуурлаж хийсэн нь хамгийн амжилттай байх болно гэж үздэг.
Сэтгэл зүйч нар мэргэжил сонголтыг өөр өөрсдийн арга техникээрээ оношилж байгаа. Мэргэжил сонголтын тест, Арт трафи, проектив тест гээд маш олон аргачлалууд байгаа. Сэтгэл зүйн талаас нь ийм чадварууд танд илүү хөгжсөн байна. Энэ чадвар дээрээ тулгуурлаад ийм чиглэлийн мэргэжлүүдийг сонговол илүү үр дүнтэй байх болно гэж оношлон, зөвлөдөг. Мэргэжил сонголтын тестээр ганцхан та багш болох юм байна гээд шууд гарч ирэхгүй маш олон ижил төстэй сонголтууд гарч ирнэ. Тэр дундаас хүүхэд өөрийнхөө хүсэл, мөрөөдөлд тулгуурлаж нэг сонгоно. Сүүлийн үед ээж, аавууд мэргэжил сонголт дээр харьцангуй нээлттэй, ойлголттой болчихсон. Аль болох хүүхдийнхээ сонирхол дээр тулгуурлаж шийдвэр гаргаж түүнийг нь дэмжих чиг хандлага их байна. Ингэж чадвал хүүхэд мэргэжил сонголтоо зөв хийх боломжтой болно гэсэн үг.
9, 10 дугаар ангиасаа эхлээд мэргэжил сонголтоо хийх нь зөв
Өсвөр насны хүүхдүүд сэтгэл хөдлөлийн мэдрэмж өндөртэй, туйлбаргүй байх тохиолдлууд маш их байдаг. Тэгэхээр аль болох ахлах ангидаа орсныхоо дараа буюу 9, 10 дугаар ангиасаа эхлээд мэргэжил сонголтын тестүүдийг өгөөд, холбогдох зөвлөгөө зөвлөмжүүдийг авбал зүгээр байдаг.
Мэргэжил сонголтоо буруу сонгосон хүмүүс олон байдаг. Яалт ч үгүй цалин мөнгө, мэргэжлийн дипломоо авчихсан хэдий ч энэ мэргэжлээрээ ажиллах хүсэлгүй байдаг. Тэгэхээр хоёр дахь мэргэжлээ сонгох гэж байгаа хүмүүс ч мэргэжил сонголтын зөвлөгөө аваад, холбогдох оношилгоонуудыг хийлгэвэл маш сайн. Анхны мэргэжлээ буруу сонгочихсон, хоёр дахь мэргэжлээ ахиад буруу сонгочих юм бол цаг хугацаа, мөнгө санхүүгээ алдах эрсдэлтэй. Тиймээс хоёр дахь мэргэжил сонголт дээрээ мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж, оношилгоо хийлгээд сонгох нь илүү амжилттай, мөнгө санхүү, цаг хугацаа ч хэмнэх болно.