“Хүчит шонхор” зах цагаан сарын бэлтгэлээ базаах иргэдийн хөлд дарагджээ. Ууц ямар үнэтэй байгааг сонирхон асуух хүн цөөнгүй байхын дээр ууцны үнэ өссөнг гайхаж халаглах хөгшчүүд олон байсан юм.
УУЦНЫ ҮНЭ 400-700 МЯНГА ТӨГРӨГ БОЛЖЭЭ
“Хүчит шонхор” захад цагаан сарын баярын ууц том жижгээсээ хамааран 400.000-700.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 120-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн тухайд ууц мөн л том жижгээсээ хамааран 280.000-550.000 төгрөг байсан. Хүүгээ, охиноо сугадан цагаан сарын бэлтгэлээ базайх гэж буй ахмадууд, “хэтэрхий үнэтэй юм аа” гэлцэн, нэг сарын тэтгэврийн мөнгөөрөө ганц ууц ч авч хүрэхгүй байгаад бухимдаж буйгаа илэрхийллээ.
Ууц өвчүү худалдаалж буй иргэдийн хувьд, олон нийтийн худалдан авах чадвар муу байгааг онцолсон юм.
УУЦНЫ ХАМГИЙН ХЯМД НЬ 420 МЯНГАН ТӨГРӨГ.
Тэд ярихдаа:
- Өнөө өглөөнөөс хойш таван цаг гадаа зогсож байна. Нэг ууц л зарлаа. Иргэдийн байдал хэцүүхэн байгаа болтой. Үнэтэй байна гээд малчид биднийгээ их л загнаж байна. Би ууцнуудаа 650 мянгаар зарж байгаа. Миний хувьд ингэж зарахаас өөр аргагүй. Хонио таргалуулж, тарган сайхан ууц гаргахын тулд дөрвөн жилийн турш халуун, хүйтнийг ажрахгүй л зүтгэсэн. Тийм болохоор үүнээс хямд өртгөөр худалдаалах боломжгүй.
- Ууц янз бүрийн л үнэтэй байна. Энэ хавийн худалдаачид намайг үнэ буурууллаа гээд дургүйцэж байгаа. Би ууцнуудаа 380.000 төгрөгөөр зарж байгаа юм. Гүйлгээ муу байна. Иргэд цагаан сарынхаа бэлтгэлийг арай хангаж эхлээгүй байгаа юм болов уу. Худалдаж авахгүй ч үнийг нь харж сонирхож байгаа улсууд их байна.
- Ууцнаасаа хамаараад үнэ нь өөр байна. Над дээр байгаа ууцны хамгийн хямд нь 420 мянган төгрөг. Бүр сайн чанарын ууцнууд маань 700 мянгад хүрнэ. Худалдан авч буй хүнтэйгээ тохиролцоод л зарна гэсэн юм.
НАЙЗ ӨВГӨНТЭЙГЭЭ НИЙЛЧХЭЭД 600 МЯНГАД ХОЁР УУЦ АВАХ ГЭСЭН БАРАХГҮЙ НЬ БОЛОЛТОЙ
Харин худалдан авагчид:
- Би бэлтгэлээ эртхэн хийе гээд зургаан сарын тэтгэвэрийн зээлээ аваад явж байна аа. Яах вэ ингэж мөнгө зарлагадах хэцүү ч үр хүүхдээ, ах дүүсээ хүлээж аваад золгодог ганц баяраараа хамаг байдгаа шавхахаас өөр яах вэ. Өнгөрсөн жил ууц, өвчүү, хэвийн боовоо авсан мөнгөөрөө энэ жил ганцхан ууц аваад таарах нь. Ноднин 280 мянгаар ууцаа авч байсан. Нэг сарын тэтгэвэрийн мөнгөөрөө ганц ууц ч авч хүрэхээргүй болж. Гэсэн ч авна даа. Үзээд л явж байна.
- Охин маань ууцаа аваарай гээд 400 мянган төгрөг өгсөн юм. Тааруулаад авна даа. Яг санаанд нийцсэн сайхан тарган ууцнууд их үнэтэй байна.
- Үнийг нь судлаад явж байна. Зөвхөн ширээн дээрх тавгаа засахад нэг сая гаруй төгрөг болохоор байна шүү. Өмнө жилээс юмны үнэ их өсжээ. Махаа хэтэрхий үнэтэй зарж байна.
- Найз өвгөнтэйгээ нийлчхээд 600 мянгад хоёр ууц авах гэсэн барахгүй нь бололтой. Өнгөрсөн жил тааруулаад л авч байсан. Одоо бол 600 мянгад хоёр ууц гэхээр махны худалдаачид шоолж байна шүү дээ. Их үнэд оржээ гэв.
Тэгвэл өнгөрсөн жил нэг кг нь 11-14 мянган төгрөг байсан үхрийн өвчүү өөхтэй эсэхээс шалтгаалж 18-20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Худалдагчдын хэлж байгаагаар цагаан сар болохоос сарын өмнө махаа бэлддэг. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас гол төлөв ууц, өвчүүний мах иржээ. Орон нутгаас ирсэн малчид захын түрээсийн төлбөр гэж өдөрт 80-100 мянган төгрөг төлдөг байна.
Aвахаа больчих. Энэн шиг зөв амар шийдвэригэж хаана бна аа. Манайхан үнэ нэмэх тусам нь чичрээд л аваад бна. Авахаа больчиход л маргаашнаас нь навс буугаад эхлэнэ. Цагаан сарыг заавал тэмдэглэ гэж хэн шахаад бгаа юм бээ.