Дэлхийн хотуудын агаарын чанарын индексийг цаг мөч тутамд алдалгүй мэдээлдэг “IQ Air” цахим хуудаснаас харахад Пакистаны Лахор хотод агаарын бохирдол хамгийн аюултай түвшинд байна. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар агаарын бохирдлоороо 123 хотоос 26 дугаар эрэмбэлэгджээ.
/2025.02.03/ 15:20 цагийн байдлаарх үзүүлэлт.
Тус цахим хуудас нь агаарын чанарын индексийг мэдээлэхдээ зургаан түвшинд хувааж авч үздэг. Тодруулбал, 0-50 бол агаарын чанар сайн, 51-100 бол дунд зэрэг, 101-150 бол эмзэг бүлгийнхэнд эрүүл бус, 151-200 бол эрүүл бус, 201-300 бол нэн эрүүл бус, 301-ээс дээш бол аюултай гэсэн ангилалд багтана. Улаанбаатар хотын агаарын бохирдол 15 цагийн байдлаар 126 буюу эрүүл бус түвшинд байгаа бол галлагаа эхэлж, цаг оройтох тусам агаарын бохирдол нэмэгддэг.
Тэгвэл агаарын бохирдол, утаа их байгаа үед буузыг гадаа хөлдөөвөл ямар сөрөг нөлөөтэй талаар МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерийн тэнхимийн эрхлэгч Ч.Сономдагва мэдээллээ.
Тэрээр, “Өвлийн улиралд агаарын бохирдол нэлээд өндөр түвшинд хүрдэг. Ялангуяа энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү их утаатай байна. Агаар, орчны бохирдол их байгаа энэ үед, ялангуяа галлагааны цаг болох 19:00- 02:00 цагийн үед бууз хөлдөөх нь эрүүл мэндэд хортой. Учир нь буузны гадаргуу дээр агаарт байгаа тоос, тооцсонцрууд бууна. Гэр хороолол орчимд байдаг бол хөө, тортог ч буух магадлалтай.
Хүний амьсгалаар нарийн ширхэгтэй тоосонцрууд орж байдаг. Том ширхэгтэйг нь бол хамгаалах эрхтний тусламжтайгаар шүүдэг. Гэтэл идэх гэж байгаа зүйлийн гадаргуу дээр том ширхэгтэй тоосонцор, хөө, тортог наалдвал хамгаалах эрхтэн шүүж чадахгүйгээр шууд биед орно гэсэн үг. Энэ тоос, тоосонцорт хар тугалга, хром, зэс гэх мэт төрөл бүрийн хүнд элементүүд агуулагддаг. Эдгээр нь хүний биед орвол эрүүл мэндэд маш их сөрөг үр дагавар үзүүлдэг” гэлээ.
Тиймээс иргэд буузыг хөлдөөхдөө зориулалтын хөлдөөгч эсвэл хүнсний агуулах гэх мэт битүү орчинд байлгах хэрэгтэй. Зарим айлуудын хувьд бууз хийгээд хөлдөөх газар байхгүй учраас үйлдвэрийн бууз хэрэглэхээр шийдсэн талаараа ярьж байна.