Сэтгэлийн угт хүрж гэгэлзүүлэн догдлуулдаг тэр л нандин бүтээлүүдийн эзэн “гургалдай хоолойт” гэгддэг дуучин Б.Баярцэцэгтэй уулзаж ярилцана гэхээс яарах сэтгэл басхүү бага зэргийн сандрал төрж байв. Анх харахад өөрийн хүчийг хэдийнэ мэдэрсэн, ихэмсэг, дуу цөөтэй нэгэн шиг санагдаж байсан ч яриа хөврөх тусам халуун сэтгэлтэй, хэн бүхэнд “итгэгч” тийм нэгэн бүтээлүүд шиг ээ яруухан, гэгэлгэн хүн болохыг нь лавтай мэдэрсэн юм.
-Ярилцах хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Энэ уянгалаг хоолой, чамин өнгө аясхэрхэн бүрэлдэн тогтсон юм бол гэдэг их сонирхолтой байна. Тиймээс таны бага нас хийгээд удам угсааг ярих нь зөв болов уу? Танд урлагийн удам бий юу?
-Сонирхолтой асуулт байна. Үнэхээр урлагт удам гэж зүйл байдаг шүү. Миний элэнц өвөө Богд хааны дуучин байсан. Зөвхөн Богд хаанд өөрт нь үйлчилдэг төрийн дууч хүн байсан гэдэг. Өвөө эмээгээс минь төрсөн 11 хүүхэд бүгд урлаг соёлын авьяастай хүмүүс байсан. Харин ээж аав минь намайг дуучин болно гэхэд их эсэргүүцсэн. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн. Долоон хүүхэдтэй айлын дунд охин. Ах эгч, эмэгтэй дүү, эрэгтэй дүү бүгд бий. Алтанбулаг сумын зарим хүүхдүүд Хиагт руу буюу хилийн цаана гарч сурдаг байв. Хичээлдээ суухын тулд хилээр гарна. Хичээлээ тараад л Монголын хилээр орж ирнэ. Өөр улс руу анги угааж, заал авахын тулд зүгээр цүнхээ үүрээд л орчихдог тийм дураараа нөхдийн нэг байлаа. Арван жилээ төгсөөд ээж ааваасаа би дуучин болмоор байна гээд гуйсан юм. Тэгэхэд ээж аав маань надад “Чамд ганцхан боломж олгоё. СУИС-д очиж шалгалт өгөөд тэнцэхгүй бол бидний хэлснээр явна шүү” гэж хатуу хэлсэн юм. Харамсалтай нь би тэнцээгүй тэгэхэд ээж аав маань “Харж байна уу? мэргэжлийн сургууль нь чамайг үнэлэхгүй байна шүү дээ. Тэгэхээр чи авьяасгүй гэсэн үг” гээд ХААИС-ийн нягтлан бодогчийн ангид намайг оруулсан юм. Ингэж л өөрийн хүслээс тэс хөндлөн мэргэжлээр гурван жил гаран суралцсан. Гэхдээ сэтгэлд минь нөгөө л урлаг, дуу хуур л байсан юм. Тиймээс ч зориг шулуудаж төгсөх курст оюутан байх үедээ СУИС-д шалгалт өгч тэнцсэн. Ээж аав “Охин маань төгсөж байгаа хоёулаа нягтлан охинтой болсон” гээд ирэхэд нь СУИС-ийн I курсийн оюутан гээд сууж байсан юм. Оюутан байх үеэс л миний дуунууд олны сонорт хүрч энд,тэнд явах болсон ч гэр бүлийнхэн маань намайг уран бүтээлч гэж хүлээн зөвшөөрөөгүй ээ. Ээж минь 2015 он буюу саяхныг хүртэл намайг дуучин гэж хүлээн зөвшөөрдөггүй байсан гэж хэлж болно. Би ч одоог хүртэл өөртөө ханаагүй л байна. Олон ээдрээтэй зүйлийг туулж байж л дуучин гэж хэлэгдэх болсон доо.
-Та дуучин болох замаа ээдрээтэй байсан гэлээ. Хэдий болох зам нь бартаатай байсан ч урлагийн сургуульдаа сурч номын дуу сонсож эхэлмэгцээ уран бүтээлүүдээ хийж тэдгээр нь ч олонд шууд хүрсэн гэж бодож байна?
-Тийм шүү. Би ер нь өөрийгөө уран бүтээлийн хувьд их азтай гэж боддог. Их сургуулиа төгсөөд л дуулсан дуунууд маань ар араасаа тэр үеийнхээ хит болж байсан. Элсний нүүдэл УСК-ийн дуу, Шүрэн бугуйвч, Цавчуур цэг ком гээд л хөвөрнө. Одоо бодоход надад дуугаа хит болгох гээд, клип хийх гээд хичээгээд шаналаад яваад байсан үе санаанд ордоггүй юм. Харин дуулах чадвараа илүү сайжруулах юм сан илүү чадварлаг болох юм сан л гэж шаналж түүн дээрээ л их төвлөрдөг байсан. Би өөрийнхөө хоолой дээр маш их ажилласан. Янз бүрээр дуугарч дуулж үзнэ. Бас дуугаа гангалах гэж их хичээдэг. Яавал хүн сонсоход таатай байх бол, ямар нугалаа, тембер нэмбэл гоё сонсогдох бол гээд л. Энэ хичээл зүтгэл л дуунууд маань олны сонорт хүрэхэд нөлөөлсөн болов уу.
-Гэр бүлийн хувьд та их нууцлаг шүү дээ. Магадгүй олон нийтийн сүлжээнд уран бүтээлүүдээ л ил, нээлттэй байлгадаг бусад өдөр тутмын үйл явдал хувийн амьдралаа дэлгээд байдаггүй нэгэн байх. Ханьтайгаа хэзээ хэрхэн учирч байв. Мөн ямар төрлийн гэргий бас ээж вэ?
-Нөхөртэйгөө 1999 онд зам дээр л таарч байсан даа /инээв/. Music hall-д шалгалт өгөх гээд даруй Алтанбулаг сумаас Улаанбаатар хот руу явах хэрэгтэй болоод замын унаанд суусан. Харин тэр машины жолооч нь манай нөхөр байсан юм. Замдаа ч өөрийгөө бэлдэх шаардлагатай байсан учир өөрийнхөө хоолойг кассет дээр бичүүлсэн байснаа хөгжим рүү нь хийгээд л замдаа сонсоод засаж дуулаад явсан. Тэгэхэд л нөхөр маань надад бас миний хоолойнд анх дурласан гэж ярьдаг юм. Бид хоёр хамт амьдраад нэлээн хожуу 2014 онд анх үрийн зулай үнэрлэсэн. Би их завгүй эзэгтэй, ээж байх. Өнөөдрийг хүртэл би жилийн 365 хоногийн гурав, дөрвөн өдөрт нь л дуулахгүй, тоглолтгүй гэртээ байдаг байсан. Гэхдээ л баримталдаг зүйлс бий. Би хэчнээн завгүй байсан ч охиноо хичээлд нь хүргэж өгч, авахыг хичээдэг юм. Бас охинтойгоо найзууд шиг байхыг хичээдэг. Юу сонирхож байна түүнийг нь судалж хамт сонирхдог гэх үү.
-Таны бие даасан тоглолтыг үзсэн хүмүүс их ам сайтай, сэтгэл дүүрэн гарч ирдэг юм билээ. Үүний гол шалтгаан бас нууц нь юу вэ?
-Бие даасан тоглолт гэлтгүй би нэг газар уригдаад найман минутын тоглолт үзүүлэхээр ч болсон ч төгс байлгах гэж хичээдэг. Би заавал дууны инженертэй очдог. Нүүрээ мэргэжлийн хүнээр будуулж заавал гоё хувцаслана. Мөн ирсэн бүх хүнд хүрч дуулахыг хичээдэг. Магадгүй жилд хийх бие даасан тоглолтынхоо төлөө би дуулдаг юм шиг санагддаг. Тэгээд тэр тоглолтоо амжилттай хийх юм бол бүтэн жил маш гоё кайфтай. “Ийм гоё тоглолт болсон доо, тийм хүмүүс ирсэн дээ, тэгж гоё энергиэ солилцсондоо” гээд л тэр кайфаараа өөрийгөө тэжээж бүтэн жил явдаг юм шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа