Монголын хэдхэн нэрт туульчдын дунд бага насаа үдэж, уламжлалт өв соёлоо авч үлдэн, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд залуу нас, амьдралаа зориулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржавтай ярилцлаа.
-Тууль зан үйл үү, эсвэл урлаг уу?
-Тууль бол мартагдах шахсан урлаг. Тууль хайлах урлаг бол намар өвлийн цагт, лус амарч байгаа цагт хайлдаг. Агуу их соёл. Дэлхий дээр тууль хайлдаг 10 гаруй үндэстэн бий. Тэрнээс амьд уламжлалаа хадгалж үлдэж байгаа нь манайх л байна. Мөн тууль гэдэг нь далд ертөнцтэй холбогддог холын улбаатай, дэлхийд ховор аман билгийн соёл юм.
Миний ажигласнаар том гүрэн байсан улсуудын соёл шиг санагддаг. Энэ утгаар нь туулийг түүхийн нөгөө тал гэж ойлгож болно. Жишээлбэл, XVIII зуун, дундад зуун, дундад эртний, эртний, нэн эртний тууль гэж бий. Гадаадад тууль тийм ч элбэг биш. Туультай гэгддэг гадаад орнууд нь монголчуудын л тасархай шүү дээ. Киргизэд “Манас” гэж тууль бий. Казахстанд “Алпамаш” гэсэн тууль байснаа одоо бараг мартагдсан.
-Мартагдах шахсан урлаг гэлээ. Та хэр олон шавьтай вэ?
-Тууль хайлах урлагийг би өвлүүлж байгаа. Баруун аймгуудад нэлээн олон шавь бий. Говь-Алтайд 1000 гаруй шавь Жангар сурч байгаа.
ХҮҮХЭД БАЙХААСАА ТУУЛЬ ХАЙЛАХАД СОНИРХОЛТОЙ БАЙСАН УЧРААС ААВ МИНЬ НАДАД ӨВЛҮҮЛСЭН БАЙХ
-Туульч гэдэг хүсээд болчихдог зүйл биш, сонгон өвлүүлдэг гэх юм билээ?
-Манай Урианхайд туульсын хэдэн гал бий. Гал гэдэг нь удам дамжсан туульчид буюу туульчтай удмыг хэлж байгаа юм. Би бол Баян Алтай удмын туульч. Надаас дээших гурав дахь үед Баян Алтай гэж нэрлэх болж. Түүнээс өмнө Хоож эвэртийн удмын туульчид гэдэг байсан юм билээ. Хоож эвэртийн мэнгэт гэдэг хүн Алтайн уулсаар явж тууль хайлдаг байсан гэнэ. Тиймээс Баян Алтайн удмынхан болсон түүхтэй. Би эхээс тавуулаа. Гэтэл галын соёл ганцхан надад л өвлөгдсөн. Хүүхэд байхаас манай сумын цөөн хэдэн туульч тууль хайлахад би хамгийн их сонирхдог, хардаг байсан. Тиймээс л аав надад өвлүүлэхээр шийдсэн байх.
-Хэрхэн өвлүүлэн үлдээдэг юм бэ?
-Би яг орчинд нь сонсож сурсан. Түүнийгээ дахиж олдохгүй, давтагдашгүй хувь заяа гэж боддог. Одоо уламжилж үлдэх хэцүү. Орчин цагийн хэлээр цээжилчихээр мөн чанар, утга учрыг нь алдагдуулчихна. Одоо бол цаг үеэ дагаад туульчийн гэрт байнга тууль сонсоод суух хүн бараг байхгүй. Тиймээс би туулийн ном гаргасан. Туульч болох гэж буй хүмүүс янз бүрээр л суралцаж байна.
-Тууль хайлах нь бөөгийн зан үйлтэй адил гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Тууль эртний соёл учраас тэнгэр шүтлэгийн зан үйл гарах нь элбэг. Заримд нь шарын шашны зан үйл ч туссан байдаг. Аль цаг үеийн тууль гэдгээс л хамаарч байгаа юм. Бөөгийн буюу тэнгэр шүтлэгийн зан үйл хуучны туульд их гардаг. Туульч болох хүн бөөгийн онгод авахтай төстэй зан үйл хийнэ ээ. Гэхдээ туульч хүн бусдад ярьж болох, болохгүй зүйл гэж бий. Яг ямар зан үйл хийдгийг ярьж болохгүй. Зарим туулийг хайлахын өмнө уул, усны эздийг дуудаж, дууссаныхаа дараа тэднийгээ үддэг нь бөөгийн зан үйлтэй төстэй. Тухайлбал, урианхайчууд тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаалыг угтаж хайлдаг. Учир нь айлуудад шууд тууль хайлахад хүндэддэг гэж үздэг. Алтайн магтаалыг нэг цаг 30 минут хайлдаг бөгөөд угтал тууль гэдэг.
-Хүмүүс ихэвчлэн ямар зорилго, шалтгаанаар тууль хайлуулдаг юм бэ?
-Уг нь сайн сайхны төлөө тууль хайлдаг. Гэхдээ орчин үед зарим хүн тууль гэж юу байдаг юм гэж сонирхож ирж байна. Эсвэл туульд гардаг үгсээс мэдээлэл хайна, далд ертөнц судалдаг хүмүүс, бясалгагчид сонирхох нь элбэг болж. Бүгд л өөр өөрийн сүсэг бишрэл, үзэл бодлоороо сонирхож байна. Энерги сайтай гэгээлэг айлд тууль хайлах сайхан.
-Та ОХУ-д малын эмчээр төгссөн юм билээ. Мэргэжлээрээ ажиллаагүйдээ харамсдаг уу?
-Социализмын үед бага нас минь өнгөрсөн учраас ЗХУ-д сурах болсон. Малын эмчийн ажлыг хүүхэд бүр сонирхдог, ийм мэргэжил эзэмшсэн хүн аймаг, сумдаа ирж ажиллаж байгаад, нэгдлийн дарга болдог тогтолцоо байсан гэхэд хилсдэхгүй. Сурлага муугүй байсан учраас ЗХУ-д суралцах малын эмчийн хуваарь авав. Аав, ээжийнхээ үгийг дагаж, малын эмч боллоо. Харин төгсөөд хэдхэн сар л ажилласан. Харамсаад байх зүйлгүй ээ. Хувь тавилангаараа л явж байна.
Далд ертөнцийн манай эрдэмтэн судлаачид транст орлоо гэж үздэг. Далд ертөнц нь зан үйлээр эхэлж илрээд, маш сайхан орчин бүрдсэн тэр газарт туульч хүн туулиа хайлах юм бол туульсын ертөнц рүү гүн орох бололцоо бүрдэж байдаг.
Монголчууд угаасаа их авьяастай ард түмэн. Цөөхөн мөртөө. Тэгэхээр энэ цөөхөн монголчууд дундаас жин дарсан дэлхийн түвшний том авьяастнууд гарч ирж байгаа учраас туулиа өвлөх бололцоо нь бас нээлттэй байгаа. удам дамжина гэдгийг онгод шүтээнтэй холбож ойлгоход, цагаан тэнгэрээр дамжиж уламжилдаг гэж үздэг. Цагаан тэнгэрүүдээр дамжаад туульсын тусгай тэнгэрүүдтэй холбогддог. Буддынхан Янжинлхам бурхан гэж ярьдаг шиг цагаан тэнгэр бол дээрээс ирэх дуун орнуудын тусгай дуун зам байна гэж монголчууд хэдэн мянган жил үзсээр байна.