
Интернэт датаг хугацаагаар хязгаарлах нь иргэдийг хохироож байгаа талаар олон нийт бухимдлаа илэрхийлж байна. Зарим тохиолдолд такси барихдаа, дэлгүүр орохдоо бэлэн мөнгөгүй явж байвал дата авах шаардлагатай болдог. Ингэхдээ хамгийн бага тарифаар буюу 2500 төгрөгөөр 2GB дата авдаг. Энэ нь 24 цагийн турш хүчинтэй. Ингээд таксины төлбөрөө хийгээд үүнээс цааш датагаа ашиглалгүй, устгуулдаг. Өөрөөр хэлбэл 2500 төгрөгийг салхинд хийсгэж таардаг юм. Хэрэв хугацаагаар хязгаарладаггүй байсан бол 2GB датаг дунджаар долоон хоног хэрэглэх боломжтой.
ҮҮРЭН ТЕЛЕФОНЫ КОМПАНИУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН Ч ХАРИУ ИРЭЭГҮЙ
Энэ мэт байдлыг эсэргүүцэж Датаг хугацаагүй болгох нэгдлийн зохион байгуулагч Ч.Үүрийнцолмон дараах мэдээллийг өглөө.
Тэрээр, “Ямар нэг байдлаар өөрийнхөө өмчлөлд авсан зүйлийг захиран зарцуулах эрх нь бидэнд бүрэн байгаа. Өөрөө ашиглана уу, бусдад өгнө үү, эсхүл хадгалаад авна уу, дараа хэрэглэнэ үү гэдэг нь бидний өөрийн эрх байтал түүнийг хугацаагаар хязгаарлаад, устгаад байгаа нь хууль бус буюу хүнийг хохироогоод байгаа үйлдэл мөн. Хугацаатай байгааг нь бидэнд энгийн зүйл юм шиг харагдуулаад байна. Гэвч хугацаатай байгаа нь бидэнд асуудал болоод байгаа хэрэг. Үүрэн холбооны газруудад хоёр дахь жилдээ шаардлага хүргүүлж байна. Хоёр жилийн өмнө л энэ тухай яриад явдаг байсан. Энэ хугацаанд ямар ч хариу өгөөгүй. Тиймээс олон нийтийг хамруулж, шударга бус байдлыг халах хэрэгтэй гэж бодож байна” гэв.
3GB ДАТА БАЙЛАА ГЭХЭД ИХДЭЭ Л 1GB ДАТАГ НЬ АШИГЛАЖ АМЖДАГ
Харин иргэд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ,
- Би үргэлж л дата хэрэглэдэг. Дата нь дуусаагүй байхад, хугацаа нь дууссан гээд хаачихдаг юм. Өдрөөр биш 10 хоногийн төлбөртэй дата ашигладаг. Ер нь датагаа дуустал нь ашиглаж амждаггүй шүү дээ. Өөрийнхөө мөнгөөр худалдаж авсан байхад, хэрэглэж дуусаагүй датаг автоматаар устгах нь иргэдийг хохироосон үйлдэл гэж бодож байна. Энэ байдлаа болих хэрэгтэй.
- 3GB дата байлаа гэхэд ихдээ л нэгийг ашигладаг даа. Хохирч л байгаа юм. Дата аваад, дуусчихаар нь 128 хурдтайг нь ашиглаад хэсэг явдаг. Яах вэ. Хугацаатай дата хэрэгтэй хүмүүстээ хэрэгтэй л байдаг байх. Хэсэгхэн зуур их дата ашигладаг хүмүүс байвал шүү дээ. Гэхдээ надад бол хэрэгтэй биш. Тэгэхээр сонголттой байлгасан нь дээр гэж бодож байна.
- Миний дата ашиглахаас өмнө дуусчихдаг л даа. Энэ дээр их гунигтай байгаа. Аав, ээжээсээ дата авах мөнгөө гуйдаг. Хэрэглэж амжаагүй байхад дуусчихаар хайран санагддаг. Тэгэхээр цагийн хязгааргүй л дата авах хэрэгтэй.
- Хэрэглэж дуусаагүй байхад, устгаж байгаад дахиад авхуулаад байна гэдэг чинь тухайн байгууллага өөртөө давуу байдал бий болгоод байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч байдалд би хохироод байгаа юм.