Японы Фүжи телевизийн алдартай хөтлөгч Масахиро Накаи бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдсон нь Японы энтертэйнмент салбарыг донсолгожээ. 1990-ээд онд алдаршсан Японы алдарт хөвгүүдийн SMAP хамтлагийн ахлагч байсан тэрээр Фүжи телевизийн хөтлөгчийн ажлаасаа гарч буйгаа мэдэгдсэн байна.
Масахиро Накаиг 2023 онд болсон үдэшлэгийн үеэр нэгэн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Фүжи телевизийн зүгээс уг хэргийг дарагдуулахыг оролдсон хэмээн Ниссан, Тоёота, 7-eleven сүлжээ дэлгүүрийг эзэмшигч Seven & I holdings зэрэг олон арван компаниуд Фүжи телевизээр зар сурталчилгаагаа цацахаас татгалзжээ. Масахиро Накаи хохирогч эмэгтэйн эсрэг хүч ашигласан гэдгийг үгүйсгэж, энэ сарын 9-нд маргааныг хохирогчтой тохиролцоонд хүрсэний үр дүнд эцэслэсэн хэмээн мэдэгдсэн ч олон нийтийн бухимдал, уг хэргийн тухай шуугиан намжаагүй байна. Фүжи телевизийг ерөнхийлөгч Коичи Минато компани нь Масахиро Накаигийн үйлдсэн хэргийг тухайн үед мэдсэн ч бусад хэвлэл мэдээдлийн хэрэгслүүдээр энэ талаар мэдээлэх хүртэл хэргийг дарагдуулж байсныг хүлээн зөвшөөрчээ.
Фүжи телевиз уг хэргийг шалгах хараат бус зөвлөлийг байгуулах ба Масахиро Накаин оролцсон бүх нэвтрүүлгийг хөтөлбөрөөсөө хасжээ. Масахиро Накаи нь Японы хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болох SMAP хамтлагийн ахлагч бөгөөд хамтлаг нь 50 гаруй дуу гаргасны дийлэнх нь эх орондоо болон Азид тэргүүлж байжээ. SMAP хамтлагийн амжилтын ачаар Масахиро Накаи Японы хамгийн чинээлэг алдартнуудын нэг болж, 2016 онд хамтлаг нь тарсаны дараа телевизийн хөтлөгч болжээ. Японы энтертэйнментийн салбарт сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүдийн шуугиан тасрахгүй байгаа билээ. 2023 онд J-pop хамтлаг дуучдыг бэлддэг Johnny & Associates агентлагийн эзэн Жонни Китагава нь олон арван жилийн турш олон зуун хөвгүүдэд бэлгийн дарамт, хүчирхийлэл үзүүлж байсан нь ил болсон билээ.